ОХУ-ын Екатеринбург хотын “Екатеринбург-ЭКСПО” цогцолборт есдүгээр сарын 8-21-нд болох боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-д 91 орны 488 тамирчин оролцоно. Манай баг тамирчдын тухайд гэвэл Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасангийн удирдлага дор долоон ширэн бээлийтэн өрсөлдөх юм байна.
Дэлхийн рингийг зорих монгол боксдын нэрс эцэслэж +91 кг-аас бусад жинд өрсөлдөхөөр болов. "Токио-2020" олимпийн наадмын өмнөх жилийн ДАШТ-ий 52 кг-ын жинд Х.Энхмандах, 57 кг-д Азийн аварга, Азийн наадмын алтан медальт Э.Цэндбаатар, 63 кг-д Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг, 69 кг-д Г.Баярхүү, 75 кг-д Д.Давааням, 81 кг-д Н.Шинэбаяр, -91 кг-д С.Эрдэнэбаяр нар өрсөлдөнө. Монголын шигшээ баг "Сэлэнгэ" амралтын баазад сэргэлтийн бэлтгэлд 20 дахь хоногтоо гарч байна.
Манай гол найдвар болох Э.Цэндбаатар жин буурч тулалдах болсон нь санаа зовоож байгаа бол шилдэг боксчин Х.Энх-Амар маань төрсөн дүү Х.Энхмандахад зайгаа тавьж өгчээ. Цугларалтын үеэр 69 кг-ын жинг төлөөлөх тамирчныг тодруулахаар Б.Түвшинбат, Г.Баярхүү, О.Бямба-Эрдэнэ нарын дунд спаринг (сорил тулаан) явуулахад Г.Баярхүү илүү байж, хойд хөршийг зорихоор боллоо. Энэ удаагийн ДАШТ-ийг дэнслэхээр АIBA-гийн гурван одтой шүүгч Ц.Цогтгэрэл урилгаар шүүх юм байна. Баг тамирчид энэ сарын 28-д нэгдсэн бэлтгэлээс буух аж.
Монголын эрчүүд боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нийт 10 медаль хүртсэн байдаг. 1982 онд Мюнхений ДАШТ-ээс гавьяат тамирчин Р.Отгонбаяр мөнгөн медаль хүртсэн нь анхных бол 1993 онд Э.Цогтжаргал хүрэл, 1997 онд Т.Үйтүмэн мөнгө, 2007 онд Э.Бадар-Ууган мөнгө, 2009 онд П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2011 онд П.Сэрдамба хүрэл, 2013 онд У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2017 онд Д.Отгондалай хүрэл медаль хүртэж байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)