Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Зөвлөгөнөөр 21 аймгаас ирсэн багш гарын төлөөлөл тулгамдаж буй асуудал, шийдэх арга замын талаар санал дэвшүүлж, хэлэлцэж байна. Энэ үеэр сайд С.Чинзоригоос дараахь асуултад хариулт авлаа.
-Зөвлөгөөнөөр багш нарын ярьж буй гол асуудал юу байна вэ?
-Багшийн ачааллыг бууруулах асуудал ярьж байна. Хамгийн гол нь мэргэжил, ур чадвартай ажилтан бэлдэхэд онцгой анхаарах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас мэргэжлийн боловсролын салбарт суралцах сонирхлыг дэмжих үүднээс сар бүр 100 мянган төгрөгийг тэтгэлэг олгож байна. Уг тэтгэлгийг ирэх оноос хоёр дахин нэмэгдүүлж 200 мянга болгон нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт суулгасан. Энэ хүрээнд нийт 80 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо гаргаад байна. Цаашид мэргэжлийн боловсролын сургалтын орчинг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай. Мөн багш нарын гаргасан саналд үндэслэн Мэргэжлийн сургалтын хууль тогтоомжид өөрчлөлт оруулж өргөн барина. Өчигдөр бмгш нарын салбар хуралдаан хийсэн. Энэ үеэр боловсролын салбарын цаашдын шинэчлэл, салбар хоорондын уялдаа, түншлэлтэй холбоотой асуудлаар ярилцсан. Эндээс гарсан саналыг өнөөдрийн салбар хуралдаанд танилцуулж, илтгэл тавина. Ингээд багш нарын салбар зөвлөгөөнөөс гарах шийдвэр цаашид баримтлах бодлогод тусна. Сая Ерөнхий сайд хэлж байсан. Багш нарын зөвлөгөөн дээр гарсан асуудлыг судалж, ирэх долоо хоногийг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулах үүрэг өгсөн.
-Зардлыг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж байгаа энэ үед төсвийг нэмэгдүүлэх боломжтой юм уу?
-Манай улсын төсөв санхүүгийн байдал амаргүй байдалд байгамд санал нэг байна. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулсны үр дүнд эдийн засаг нэг үеэ бодвол өсч байна. Тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардлагатай 80 тэрбум төгрөгийн тал хувийг Хөдөлмөрлөлтийг дэмжих сангийн өөрийн орлогоор, үлдсэнийг нь улсын төсвөөр санхүүжүүлэх талаар тооцоо судалгаа хийж, өргөн барьж дэмжигдсэн. Мөн УИХ-д өргөн барьсан байгаа. Тэтгэлжийн хэмжээг нэмэгдүүлэхэд улсын төсөвт дарамт үзүүлэхгүй байх гэж үзэж байна.
-Төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагдаж байгаа бол?
-Мэргэжлийн боловсролын сургалтыг төгсч байгаа иргэдийн 63 хувь нь ажлын байраар хангагдаж байна гэсэн судалгаа бий. Тиймээс төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр дараах арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал, хөрөнгө оруулалтыг дагалдаад бий болж буй ажлын байруудад өндөр чадвартай төгссөн төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг эрчимтэй явуулна. Хоёрдугаарт, өөрт олж авсан ур чадварын хүрээнд өөртөө болон бусдыг ажлын байраар хангах бодлогыг хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, өөрт байгас ур чадвараа ашиглахад шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг тодорхой хугацаанд иүү багатай зээлээр олгох замаар төгсөгчдийг 100 хувь ажлыг байраар хангах боломтой гэж үзэж байна.
Б.Лхам