Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн бодлогын зөвлөх ноён Райн Оранжтай ярилцлаа.
Райн Оранж нь Шинэ Зеланд улсын Гадаад хэргийн яамны бодлогын зөвлөх, Шинэ Зеландын Төрийн албаны комиссын дэд дарга, бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ.
- Аливаа улс орны төрийн албаны шинэтгэлд ашиг хүртэгчид нь иргэд байдаг-
-Төрийн албаны шинэтгэлийг хийх явцад гардаг бэрхшээл,сорилтуудаас хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ?
- Аливаа шинэчлэл өөрөө хүнд хэцүү үйл явц юм. Урьд өмнө нь ажиллаж байсан тогтолцоог шинэчлэнэ гэдэг төвөгтэй бас ээдрээтэй үйл явц байдаг. Ялангуяа төрийн албаны шинэтгэл нь хууль тогтоомжийг шинэчлэхээс авхуулаад өргөн цар хүрээнд хийгддэг. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийн хамгийн хэцүү зүйл нь хүмүүсийн зан төлөв, хандлагыг өөрчлөх асуудал байдаг. Учир нь хүн аливаа өөрчлөлт, шинэчлэлийг тийм ч хурдан хүлээж авдаггүй. Олон улсын туршлагаас харахад хэрэгжүүлж болохуйц сайн туршлагууд байх хэдий ч тэдгээрийг шууд аваад өөрийн улс орны хөрсөн дээр буулгана гэдэг хүндрэлтэй. Учир нь улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой. Төрийн албаны шинэтгэлийг хийж буй гарааны нөхцөлүүд нь харилцан адилгүй. Төрийн тогттолцооных нь хэлбэр, онцлогдууд нь ч ялгаатай.
- Улс орнуудын хувьд Төрийн албаны шинэтгэлийг хийхэд ихэвчлэн гардаг бэрхшээлүүд юу вэ?
Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх улс төрийн хүсэл зориг байлаа ч шинэтгэлийг хэрэгжүүлж байх явцад янз бүрийн бэрхшээл, саад тотгорууд яах аргагүй гарч ирдэг. Эдгээр саад бэрхшээлүүдийг ангилаад 4 төрлийн зөрчлийн хүрээнд авч үзэж болох юм.
Нэгдүгээрт нь, хяналт ба уян хатан байдлын хооронд гарах зөрчил.
Мэдээж хяналт гэдэг аливаа тогтолцоонд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь хяналт нь тухайн тогтолцоонд тогтсон хэм хэмжээ юм. Тухайн албан тушаалд өөрсдийн үүргээ хэрэгжүүлэхэд хууль, дүрэм, журмын хүрээнд хяналтыг түшиглэж ажил хэргээ явуулдаг.
Хоёрдугаарт нь, Аливаа ажлыг хэрэгжүүлэхийн тулд уян хатан байдал маш чухал. Хяналт, уян хатан байдал энэ хоёр хүчин зүйлсийг хооронд нь харьцуулж үзвэл аль нэгийг нь зөвтгөж бас буруутгаж болохгүй. Аль аль нь өөрчлөлт, шинэчлэлтэд тэнцвэртэй байвал шинэтгэлийн үйл явц өөрөө зөв явагддаг.
Гуравдугаарт нь, Хараат бус бие даасан байдал. Үйл явцийг нэг чиг шугам, нэг удирдлаган дор явуулахыг хэлж байгаа юм. Төрийн албаны шинэтгэлийг хийхэд бие даасан, хараат бус байдал их чухал. Дээд удирдлага, тухайн байгууллагын бодлого, үүрэг даалгаварыг тууштай хэрэгжүүлэх явдал юм. Удирдлагын чиглэл, зааврын дагуу ажил хэргийг хөтлөн явуулах үйл явцад ч зөрчилдөөн гарна. Гэхдээ энэ харилцаанд ч бас л тэнцвэр хэрэгтэй.
Аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд тэргүүн чиглэл, эрхэм зорилгууд гэж бий.
-Төрийн албаны шинэтгэлээс гол ашиг хүртэгчид нь хэн бэ? Төрийн албан хаагчид уу эсвэл иргэд үү?
-Аливаа улс орны төрийн албаны шинэтгэлд гол оролцогч, ашиг хүртэгчид нь иргэд байдаг. Гэвч ихэнх иргэд төрийн албаны удирдлага, зохион байгуулалт, менежментийн талаар мэдлэг, мэдээлэл дутмаг аль эсвэл буруу ташаа ойлголттой байх нь бий. Тиймээс улс төрийн хүчнүүд, улс төрийн манлайлал нь төрийн албаны шинэтгэлийн талаар сайн мэдээлэлтэй байх ёстой. Ингэж байж төрийн албаар дамжуулж ямар үйлчилгээг иргэдэд хүргэх вэ гэдэг талаар иргэд мэдээлэлтэй болно.
Улс төрийн манлайллын зорилго, зорилтууд нь төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд чиглэл заавар өгөөд эргээд дэмжлэг үзүүлэх ёстой.
-Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх явцад ямар байгууллагуудын үүрэг, оролцоо илүү чухал байдаг вэ?
-Улс төрийн нөхцөл байдал, шинэтгэлийн цар хүрээ, зорилго, зорилтыг дэвшүүлсний дараагаар энэхүү шинэтгэлийг хэрэгжүүлэх гол байгууллагууд бол ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл юм. Энэ хоёр бүтэц нь төрийн албаны шинэтгэлийг хөтлөх, хэрэгжүүлэх хоёр чухал оролцогч. Эдгээр байгууллагууд Төрийн албаны шинэтгэлийг зөв удирдан, чиглүүлж авч явахын тулд нэгдмэл нэг ойлголттой байх ёстой. Хоорондоо тохиролцсон баримт бичигтэй байх хэрэгтэй. Шинэчлэлийн үйл явцад нэг нэгэндээ дэмжлэг үзүүлэн ажиллаж байж шинэтгэл өөрөө оршин тогтнох болно. Энэ хоёр газрын хамтын ажиллагаа нь чиг үүргийн яамдуудтай, төрийн бусад байгууллага, агентлагуудтай тулж ажиллах хэрэгтэй. Мөн орон нутгийн удирдлагуудтай ч мөн ялгаагүй тулж ажиллах хэрэгтэй. Ялангуяа төрийн албаны тэргүүн болон эрхэлсэн түшмэлүүдэд төрийн албаны шинэтгэлийн талаар ойлголт өгч, эргээд тэднээс дэмлжэгийг авч байж шинэтгэлийн ажил явагдана. Аливаа шинэтгэл амжилттай хэрэгжихэд дунд шатны менежерүүдийн оролцоо маш чухал. Шинэтгэлийг удирдагч ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл нь дунд шатны менежерүүдэд энэ талаар сайн хамтарч ажиллаж байлаа ч шинэтгэлийг гардан хэрэгжүүлэх хүмүүс нь төрийн албаны дунд шатны менежерүүд юм.
-Сайн төрийн албатай байсан цагт л улс орон хөгжинө-
- Та олон улс оронд ажиллаж, төрийн албаны шинэчлэлийн үйл явцад зөвлөн туслаж оролцож байсан туршлагатай мэргэжилтэн. Тэдний жинээнээс харвал улс орнууд Төрийн албаны шинэтгэлийг ямар нөхцөл байдал үүссэний улмаас яагаад хийх болдог вэ?
- Улс орон бүрийн онцлог харилцан адилгүй л дээ. Гэвч тэд өөрсдийн хөгжлийн аль нэг цаг үед төрийн албаны шинэтгэлийг хийдэг. Жишээ болгож ярихад төрийн албаны шинэтгэлийг хийж амжилтад хүрсэн улс бол яах аргагүй Сингапур юм. Энэ улс оронд ажиллах завшаан надад тохиож байлаа. Сингапурын хувьд Төрийн албаны шинэтгэлээ өөрсдийн хөгжлийн бодлого, стратегийн төвд тавин хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл хөгжлийнхөө урьтал нөхцөлийг Төрийн албаны шинэтгэлийн үйл явц дээр түшиглэж тодорхойлсон гэсэн үг. Сайн төрийн албатай байсан цагт л улс орон хөгжинө гэдэг ойлголтыг анхнаас нь иргэддээ ойлгуулж чадсан. Нөгөө талаар энэ шинэтгэл нь маш удаан хугацаанд 50 гаруй жил үргэлжилсэн. Гэвч үр дүнд нь Сингапур улс хамгийн шилдэг Төрийн албатай болж чадсанаас гадна хүн амын орлого, амжиргааны түвшин өндөр улс орны нэг болж чадсан.
- Шинэтгэлийн асуудлын гол цөм нь төрийн алба дахь улс төрийн оролцоог бууруулах-
-Монгол Улсын Төрийн албанд хийгдэж буй шинэтгэлийн үйл явц ямар үе шатандаа явж байна гэж та харж байна вэ, Мөн ямар үр дүн авчирна гэж та бодож байна вэ?
- Монгол Улсын хувьд энэ оны эхэнд Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн хэрэгжиж эхэлснээр шинэтгэлийн үйл явц сууриа тавих үе шатандаа явж байгааг харж байна. Хууль шинэчлэгдснээр түүнийг дагаад мөрдөгдөх дүрэм, журмууд мөн гарсан. Төрийн албаны тэргүүн түшмэлүүдэд зориулсан сургалтууд мөн тасралтгүй хийгдэж байна. Энэ бүгд Монгол Улсын Төрийн албанд шинэтгэл хийгдэх суурь болж байна гэж бодож байна. Мэдээж шинэ хууль бий болсноор шинэтгэлийг авчрахгүй. Шинэ хуулийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж байна уу, шинэ хандлага бий болж байна уу гэдгээс шинэтгэл хэрхэн амжилттай хэрэгжиж байна вэ гэдэг харагдана.
-Төрийн албаны шинэтгэлийн гол цөм нь юу вэ?
-Төрийн албаны шинэтгэлийн асуудлын гол цөм нь улс төрийн оролцоог бууруулах явдал юм. Төрийн албаны үйл явцад улс төрийн оролцоо аль болох бага байх. Ялангуяа улс төрийн сонгуулийн дараагаар шинэ Засгийн газар, шинэ яамдууд бий болсноор төрийн албан хаагчдын тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх нөхцөл бүрдэж чадвал Төрийн албаны шинэтгэлийн гол үр дүн энэ байх юм. Төрийн албан дахь улс төрийн нөлөөллийг бууруулахын тулд шинэ хууль, хуулийг дагалдан гарч буй дүрэм, журмууд, шатлан дэвших зарчмуудыг суулгаж өгсөн. Мөн Төрийн албан тушаалд тавигдах шаардлагуудыг тодорхой болгосноор аливаа албан тушаалд тохирсон, зөв хүн нь очих боломж нөхцлийг энэхүү шинэ Төрийн албаны тухай хуульд хангалттай тусгаж өгсөн гэж харж байна.
-Төрийн албаны чадавхийг бэхжүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?
-Төрийн албаны чадавхийг бэхжүүлэхэд төрийн албыг гүйцэтгэхэд шаардагдах чиг үүргүүд нь тодорхой байх явдал юм. Аливаа төрийн ажил үр дүнд суурилсан байх ёстой. Иргэдэд үр дүнтэй үйлчилгээг хүргэхийн тулд төрийн албанд стратегийн сайн баримт бичгүүдтэй байх ёстой. Үүнийг дагаад хариуцлагын тогтолцоо өндөр байх хэрэгтэй.
-Иргэн төвтэй төрийн алба гэж юуг хэлж байна вэ?
- Төрийн албаны шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх тухайд чухал хүчин зүйлийн нэг бол иргэн төвтэй байх. Энэ нь иргэдэд хүрч байгаа төрийн үйлчилгээ нь иргэдийн хэрэгцээ, шаардлагыг тойрч явагдаж байх ёстой юм. Түүнээс биш хүнд суртлыг тойрч, дүрэм, журмыг хэрэгжүүлэх төдийд төрийн албаны ажил явагдаж байх ёсгүй.
-Ярилцсан танд баярлалаа.