Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын анхдугаар зөвлөгөөний үеэр Завхан аймгийн Политехникийн коллежийн оёдлын мэргэжлийн багш Б.Отгоноос зарим зүйлийг тодрууллаа.
-Танай коллеж барилга, үйлчилгээний чиглэлээр 800 орчим оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагдаж байна вэ?
-Оюутнуудын 60-70 орчим хувь нь ажлын байранд хамрагдаж байна. Манай коллежийн хувьд өдрийн болон насанд хүрэгчид, техникчийн анги гэсэн гурван насны ангиллаар сураглт явуулдаг бөгөөд насанд хүрэгчдийн 90 орчим хувь нь ажлын байранд хамрагдаж чаддаг.
-Энэ сарын 4-нд багш нар зөвлөлдөж, төгсөгчдийн ажлын байр, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэг талаар санал хүргүүлсэн. Завхан аймгийн Политехникийн коллежийн хувьд шаардлагатай зүйл юу байна вэ?
-Тийм. Энэ асуудлаас гадна багш нарын цалин, урамшууллыг ерөнхий боловсролын сургуулийнх шиг болгох тухай асуудал ярьж байна. Манай сургуулийн хувьд барилгын чиглэлээр гаднын хөтөлбөрт цөөнгүй хамрагддаг. Удахгүй ӨМӨЗО-ны Политехникийн сургууль руу 48 оюутан, хоёр багш долоон хоногийн хугацаатай туршлага судлахаар явна. Шинэчлэх шаардлагатай тоног төхөөрөмж бий ч тодорхой хэмжээнд ахицтай явж байгаа.
-Оюутнуудын тэтгэлгийн хэмжээг ирэх оноос эхлэн нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа. Үүнийг дагаад ур чадварын асуудал яригдана. Ер нь оюутнууд ур чадварынхаа тал дээр хэр вэ?
-Багш, суралцагчдын тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ. Багш нарын нийгмийн асуудлыг шийдэж өгнө гэж Ерөнхий сайд хэлсэн. Оюутнуудын тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх нь энэ чиглэлээр суралцах сонирхлыг нэмэгдүүлэх сайн талтай. Мөн оюутнуудын туршлага солилцох материаллаг бааз нэмэгдүүлэх тал дээр анхаарах асуудлаар ярилцлаа. Ингэснээр оюутнууд гаднын орны аж ахуйн нэгж дээр харилцан туршлага солилцох боломж нээгдэнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр, илүү туршлагатай болно.
Б.Лхам