Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан.
Гэвч шүүхийн шийдвэрийг прокурор үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Энэ дагуу өнөөдөр давж заалдах шатны шүүх хурал ийн болж байгаа юм. Уг шүүх хурлаар прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлтэй гэж үзвэл хэргийг анхан шатны шүүхэд буцааж шүүх хурлыг дахин явуулна. Харин хүлээж авах үндэслэлгүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой.
Хэргийг нэхэн сануулбал, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр дээрх есөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.