Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэж, шийдвэр гаргасны нэг нь Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудал байв. Тодруулбал, тус улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсан юм. Үүнтэй холбогдуулан манай улсаас 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
“Хагибис” хар шуурганы улмаас 68 хүний амь эрсдэж, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртсэн бөгөөд аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган албан хаагч оролцож байгаа аж.