Түүхий нүүрс хэрэглэж байгаа айл өрх, аж ахуйн нэгжид тавьж буй хяналт, шалгалт болон бусад асуудлаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгээс тодруулснаа хүргэе.
-Зарим станцууд элэгдэлд орж, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон талаар яригдаж байна. Цахилгаан станцуудад хяналт, шалгалт хийсэн үү?
-Холбогдох мэргэжилтнүүд Ерөнхий сайдтай уулзаж II, III, IV, “Амгалан” цахилгаан станц юу хийх талаар тодорхой шийдвэрүүд гаргаж, хөрөнгө мөнгөний талаар ярилцахаар болсон. Тухайлбал, “ТЭЦ-IV”-ийн хувьд хүхрийг нь бууруулж, шохойн хольц хийхэд станцын хэмжээний зай талбай шаардлагатай талаар ярьж байсан.
-Шахмал түлшийг Солонгос улсад шинжлүүлэхээр явуулсан. Харин ирсэн үү? -Одоогоор шинжилгээний хариу ирээгүй байна. Харин ОХУ-аас ирүүлснээс улсын байцаагчид дүгнэлт хийж, мэдээллийг нь олон нийтэд хүргэсэн.
-“Тавантолгой түлш” дээр хяналт, шалгалт хийсэн гэсэн. Шалгалтын талаар танилцуулахгүй юу?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас Тавантолгой түлш дээр байнгын хяналт тавьж ажиллаж байна. Тухайлбал, технологийн горим алдагдаж байгаа эсэх, үйлдвэрлэлийн нөөц, бүрдүүлэлт, гарч байгаа түлш стандартын горимоо хадгалж байгаа эсэхэд шинжилгээтэй хяналт хийдэг. Хяналт, шалгалтын явцад лабораторийн шинжилгээний хариугаас харахад баталгаатай түлш үйлдвэрээс гарч байна.
-“Тавантолгой түлш”-ийн ажилчид хортой нөхцөлд шүүлтүүргүй маск хэрэглэж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар шалгалт хийгээгүй юм уу?
-Бид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар холбогдох улсын байгцаагчийн шаардлагыг өнгөрсөн зургадугаар сард хүргүүлсэн. Албан шаардлагын тодорхой зарим заалтууд биелэгдээгүй тул сая дахин шаардлага хүргүүлээд байна. Учир нь “Тавантолгой түлш”-ээс өгч байгаа мэдээллээр “үйлдвэрлэлд угсралт хийж нөөцөө нэмэгдүүлэхийн тулд шугам нэмэгдүүлж байна. Угсралтын хажууд үйлдвэрлэл явж байгаа учраас мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан шаардлагыг бүрэн дүүрэн гүйцэтгүүлж чадахгүй байна” гэсэн. Гэвч бид тэнд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг онцгой анхаарч ажилла гэсэн үүрэг өгсөн.
-Түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөл авсан хэчнээн аж ахуйн нэгж байна вэ. Уг нь цахилгаан халаагууртай болгох журам хүртэл бий шүү дээ. Энэ талаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотой гарч байгаа асуудалд мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалт ажилалж байна. Түүхий нүүрс нөөцөлж, хэрэглэж байгаа айл өрх, аж ахуйн нэгж ч байна. Мөн аж ахуйн нэгж дээр байгаа түүхий нүүрсийг хураах арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс “бид энэ оны дөрөвдүгээр сард түүхий нүүрс авч нөөцөлсөн” гэсэн тайлбар өгч байна. Гэвч уг тогтоол нь 2018 оны хоёрдугаар сарын 27-нд гарсан тогтоол шүү дээ. Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгж түүхий нүүрс нөөцлөхгүй байх үүрэгтэй. Эдгээр асуудалд одоогийн байдлаар 11.5 сая төгрөгийн торгууль тавиад байна. Цаашид иргэн, аж ахуйн нэгжийг түүхий нүүрс түлсэн тохиолдолд хурааж, зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авч ажиллана.
-Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй яг хэчнээн уурын зуухны яндан байна вэ?
-Дулааны шугамд холбогдоогүй эмнэлэг, сургууль, мах боловсруулах үйлдвэр зэрэг түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй 244 орчим аж ахуйн нэгж байна. Уг зөвшөөрийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанаас олгодог. Энэ хүрээнд орж ирж байгаа түүхий нүүрс аль уурхайгаас ямар дугаартай тээврийн хэрэгслээр хэдийд нэвтрэх талаар товчоодод хяналт тавина ажиллаж байна. Сайжруулсан түлшнийхээ хүртээмжээс шалтгаалан дээрх аж ахуйн нэгжийг энэ ондоо түүхий нүүрс түлэх зөвшөөрөл олгохын зэрэгцээ зуухныхаа янданд агаар шүүгч тавих шаардлага тавин ажиллаж байна.
-Хураасан нүүрсээ хаана хадгалж байгаа вэ?
-Амгалан дулааны цахилгаан станцын тодорхой зай талбайд хураасан нүүрсээ нөөцөлж байгаа. Иргэдэд анхааруулж хэлэхэд ямар нэгэн арга замаар түүхий нүүрс түлнэ, өмнө нь авч нөөцөлсөн түүхий нүүрсээ хэрэглэж дуусгана гэдэг асуудал байхгүй гэдгийг дахин хэлье.
Б.Лхам