Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит бус чуулган “Чингис” зочид буудалд эхэллээ. Энэ удаагийн ээлжит бус хурлаар Олимпийн хороо шинэ удирдлагатай болох юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа өгсөн Д.Загдсүрэнгийн орыг залгах хүнийг сонгоно. Одоогийн байдлаар Олимпийн хороог дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр орлон гүйцэтгэж байгаа юм. Харин ээлжит бус чуулганаар дараагийн ерөнхийлөгчөө сонгож, баталгаажуулснаар МҮОХ “толгой”-той болж ирэх жилүүдэд хийх бодлогоо тодорхойлох учиртай. МҮОХ-ны шинэ ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд хийх ажил нь ирэх жил болох “Токио-2020”-д хэрхэн оролцох нь мэдээж.
Үүгээр зогсохгүй Токиогийн олимпод оролцох тамирчдын эрхээ авах тэмцээнд хэрхэн оролцуулахаас тодорхойлдогдоно. Тиймээс дараагийн ерөнхийлөгчөө сонгох ээлжит бус чуулганы уур амьсгал багагүй өрсөлдөөн дунд өрнөх бололтой. Одоогоор МҮОХ-ны ерөнхийлөгчид Б.Баттүшиг, олимпийн хос медальт Н.Түвшинбаяр нар өрсөлдөхөөр болоод байна. Зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр волейболын холбооны Ц.Бат-Энх өрсөлдөх мэдээлэл байгаа юм.
Сонирхуулахад Н.Түвшинбаярыг ээлжит бус чуулганаас ерөнхийлөгчөөр томилсон тохиолдолд Ерөнхийлөгч Х.Баттулгын бие төлөөлөгчөөр ажиллаж буй сумогийн их аварга Д.Дагвадоржийг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх мэдээлэл гараад байна. Бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
С.Сүлд
Сэтгэгдэл (33)