УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очироос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Оюутолгойн төслийг цуцлах эсвэл нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг саналд гишүүд санал хуваагдаад байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Монголын тал Оюутолгойн 35 хувийг эзэмших чиглэлийг тухайн үеийн Засгийн газарт өгсөн байдаг. Засгийн газар энэ хүрээнд Оюутолгойн 34 хувийг авсан. Одоо харахад 34 хувь авсан нь буруу байсан юм байна. Учир нь гаднын босгосон мөнгөн дээр Монгол Улсын энэ хувь нь өр болоод явж байна. Оюутолгойн төсөл хэрэгжиж эхлээд ашгаа өгч эхэлтэл цаг хугацааны хувьд олон жил яригдаж байна шүү дээ. Стратегийн ордуудын хувьд миний ганц баримталдаг бодлого бол рояалти татвар. Энгийнээр бол Монгол Улс Оюутолгойн 34 хувиа өрөндөө суутгаж рояалти татвараа нэмэгдүүлэх нь зөв. Татвараараа ашгаа аваад явах боломжтой. Үүнийг дагаад улсын төсөв ч нэмэгдэх боломжтой.
-Дан ганц татвараар ашиг олно гэвэл хувь эзэмшсэнээсээ ашигтай байж чадах уу?
-Ер нь 70 орчим хувь гэж ойлгож байна. Мөн Оюутолгойн дотооддоо зардлаа өсгөж байгаа болон үйл ажиллагаанд нь хутгалдах шаардлага байхгүй. Харин бид хяналтаа сайжруулах ёстой. Тухайлбал, мэргэжлийн хяналтын байгууллага, хил, гааль, татварын байгууллагын хяналт сайн байх ёстой. Өөрөөр хэлбэл, үүнийг онцгой объект байдлаар татвар авдаг албан тушаалтнууд нь тухайн өдөр олборлосон бүтээгдэхүүн дээр нь татваруудыг нь хэмжээд л аваад сууж байх ийм л асуудал. Тэгэхгүй бол олон жилийн хэрүүл болно. Уг нь нөөц нь дахин тогтоогдоод явбал ойролцоогоор 100 гаруй жил ашиглах орд шүү дээ. Гэвч өгөөж нь бусад уул уурхайтай харьцуулахад муу. Тиймээс даруй засах нь зөв. Үүнтэй холбоотой асуудлаар шаардлагатай гэж үзвэл ажлын хэсэгт УИХ-ын гишүүдээс оруулчих гэж Л.Оюун-Эрдэнэ даргад хэлсэн. Ингээд Их Хуралд асуудлаа оруулж ирж танилцуулж, шийдвэр гаргуул. Ингэж байж шийдвэр баталгаатай эцсийн шийдвэр болох ёстой.
-Гэрээ үзэглэж байх үед АМНАТ-ын тухай хууль байгаагүй. Тэгэхээр энэ хуулийг мөрдүүлье гэвэл олон улсын гэрээ, конвенцоор асуудал хэрхэн шийдэгдэх вэ?
-Тэртээ тэргүй байгаль ашигласан ашигт малтмалын нөөцийн татварыг аваад явах ёстой. Харин татвар авах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.
-Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт байгаа юу?
-Ажлын хэсэгт ороогүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр пропорционал тогтолцоо гэдэг зүйлийг оруулахгүй гэж шийдсэн. Тиймээс цаашид сонгууль мажоритар системээр явна. Энэ нь дотроо гурав, дөрвөн хувилбартай. Өөрөөр хэлбэл, 2016 оны сонгууль шиг жижиг 76 тойрог байх эсвэл улс нэг тойрог байх мөн холимог байх нэг хувилбартай. Хэлэлцүүлгийн явцад эдгээр хувилбаруудын аль нь зөв талаар гишүүд саналаа өгнө.
Б.Лхам
Сэтгэгдэл (8)