Шинэ төрлийн коронавирусын халдварын талаар мэдээлэл хийлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар нийт 73331 тохиолдол бүртгэгдэж, 1872 нас нэмэгдсэн байна. БНХАУ-аас гадна 25 улсад 803 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Филиппин, Япон, франц зэрэг улсуудад 3 хүн нас барсан. Халдварын ихэнх нь 30-79 насныхан байна. БНХАУ-д бүртгэгдсэн 83 хувь нь Хубэй мужаас дэгдсэн. Халдварын үед шинж тэмдэг илэрсэн хугацаа чухал байдаг. Дэгдэлтийн шинж тэмдэг эхэлсэн хугацаагаар оргил үе нь энэ сарын 1-нд гэсэн. Гэхдээ цагаан сарын амралтын дараа ажил эхлэхтэй зэрэгцэн дэгдэлт нэмэгдэх магадлалтай учраас бэлтгэл ажлыг хангаад явж байна. БНХАУ-д эмч, эмнэлгийн 1600 ажилтан халдвар авсан тохиолдол гарсан. Сургуулиудыг хаах зэргээр олон төрлийн арга хэмжэ авч байгаа ч нөхцөл байдал ийм түвшинд хүрээд байна. Хүнд гэсэн оноштойгоор эмчлэгдэж байгаа хүмүүсийн нас баралт 49 хувьтай байна. Харин хөнгөн оноштойгоор эмчлэгдэж байгаа хүмүүс дунд нас баралт гараагүй байна. ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхээр зөвлөмж гаргасан” гэлээ.
ЭМЯ “Хятадад 80 гаруй туршилт судалгаагаар 2000 гаруй хүн дээр эмнэлзүйн туршилт хийгдэж байна. Эдгээрээс 15 нь итгэл найдвар төрүүлж байна гэсэн. Мөн Японд үйлдвэрлэгдсэн вирусын эсрэг эмийг БНХАУ-ын зах зээлд борлуулж болох юм гэсэн зөвшөөрөл өгсөн. Гэсэн ч эцсийн байдлаар иргэдэд тараах боломжгүй гэж үзэн 70 хүнд туршиж үзэж байна. БНХАУ-ын ургамлын жимсээс хандалсан эмийг онош нь батлагдсан 771 тохиолдолд хэрэглэж үзсэний дараа 214 тохиолдлын 80 хувьд нь өөрчлөлт үзүүлжээ. Тиймээс хятадын уламжлалт анагаахын үндэсний хорооноос уламжлалт эмийг орчин үед ашиглаж байгаа вирусын эмтэй хавсран хэрэглэж болох юм гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн үүдэл эсийг ашиглан эм гаргах боломжийг судалж байна.
Б.Лхам