Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр БНСУ-д байгаа манай улсын иргэн халдвар авсан нь батлагдсан гэсэн мэдээлэл байгаа гэдгийг холбогдох албаныхан өглөө.
Тодруулбал, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Япон улсад коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа. Хилээ хаах тухай хүсэлт иргэдээс ирж байна. ЭМЯ-наас иргэдийн хүсэлтийг уламжилж энэ талаар Улсын комисс хуралдаж шийдвэр гаргах байх. БНСУ-д байгаа Монгол Улсын 35 настай иргэн нь элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-нд БНСУ-д эмчлүүлэхээр явсан. Дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлж байсан. Тэнд очоод коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь нэмэх буюу халдвартай гэсэн хариу гарсан. Энэ хүн Солонгост эмнэлгээр явж байхдаа халдвар авсан байх гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хаагуур явсныг судалж байна. Намьянжү хотын дүүргийн эмнэлгүүдээр явж шинжилгээ өгч байсан байна" гэлээ.
С.Сүлд