Хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд охид эмэгтэйчүүдийн хүсэл мөрөөдлийг ашиглан “өндөр цалинтай ажил, гадаадад амьдрах боломж, гэрийнхэндээ хэлэлгүй гэнэтийн бэлэг барьж баярлуул” гэх зэрэг худал амлалтаар мэхэлдэг байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг дэлхий даяар “Мөрөөдлийг хулгайлах гэмт хэрэг” хэмээн нэрлэдэг юм.
Тэгвэл Монгол улсад энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Мөрөөдлийн шүхэр” аян хоёр дахь удаагаа өрнөж буй юм.
НҮБ-аас жил бүрийн долоодугаар сарын 30-ны өдрийг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын өдөр болгон зарласан байдаг. Энэхүү өдрийг “Хөх зүрхний аян” хэмээн олон улс орнууд гэмт хэрэгтэй тэмцэх, бусдад мэдээлэл өгөх үйл ажиллагаа явуулдаг билээ. Монгол улсад ч мөн энэхүү өдрийг тэмдэглээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү төслийг Хууль зүй дотоод хэргийн яам хамтран зохион байгуулж байгаа юм.
“Мөрөөдлийн” аяны арга хэмжээ болох “Мөрөөдлийн шүхэр” кино өдөрлөг өнгөрсөн баасан гарагт болж өндөрлөлөө. Кино өдөрлөгийн үеэр энэхүү аяны элч төлөөлөгч болон зохион байгуулж буй хүмүүсийн яриаг хүргэж байна.
МУГТ, "Мөрөөдлийн шүхэр" аяны элч М.Анхцэцэг: Мэдээлэлтэй ойр байх нь гэмт хэргээс хамгаалах хамгийн том хамгаалалт
Энэхүү аяныг элч төлөөлөгчөөр ажиллаж байна. Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх талаар бусдад мэдээлэл өгөх ёстой, хүмүүст хүргэх ёстой аянуудын нэг гэж бодож байна. Мэдээлэл хүргэснээр олон охид, эмэгтэйчүүдийг эрсдэлээс хамгаална. Энэ утгаараа олон хүмүүст хүрээсэй хэмээн хүсэж байна. Мэдээлэлтэй ойр байх нь гэмт хэргээс хамгаалах хамгийн том хамгаалалт. Гэмт хэрэгт өртсөний дараа хамгаалах биш, өртөхөөс нь өмнө хамгаалах нь чухал. Өөрийн хүсэл мөрөөдлийг хамгаалж байгаа юм шүү. “Мөрөөдлийн шүхэр” гэсэн фейсбүүк хуудас байгаа. Хуудсанд нэгдээд сарын турш оруулах мэдээлэлтэй хамт байгаарай.
НҮБ-ын ОУ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн ажилтан С.Мөнхчулуун: Сошиал медиагаар дамжуулан энэ гэмт хэргийн талаар бусдад мэдлэг мэдээлэл өгөхийг зорьж байна
Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх “Мөрөөдлийн шүхэр” арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Энэхүү аян нь бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа залуу охидод мэдлэг мэдээлэл өгөх, өөрийгөө хамгаалах, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой аян юм. Хоёр дахь үе шат нь долоодугаар сарын 30 буюу хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн өдөр нээлтээ хийсэн. Нэг сарын турш олон нийтэд мэдээлэл түгээх ажлыг хийж болно. Сошиал медиагаар дамжуулан энэ гэмт хэргийн талаар бусдад мэдлэг мэдээлэл өгөхийг зорьж байна.
ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч А.Уугантуяа: Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ар гэрийн хараа хяналт, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл чухал
Хүн худалдаалах гэмт хэрэг нь 2017-2022 онд 237 бүртгэгдсэн байдаг. Энэ гэмт хэргийн хохирогчийн 95 хувь нь насанд хүрээгүй охид эмэгтэйчүүд байсан. Эндээс үзэхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нь насанд хүрээгүй охид эмэгтэйчүүд байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ар гэрийн хараа хяналт, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл чухал. Мөн энэ төрлийн мэдээ мэдээллийг хэрхэн авах зэргийг мэддэг байх нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дөхөм болно.
"Мөрөөдлийн шүхэр" аяны хүрээнд бүтээгдсэн "Даван туулагч" баримтат киног хүргэж байна. Эндээс хүлээн авч үзнэ үү.