Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мишээлт: Ялагдал маш их ухаарлыг өгдөг

2023-6-08
0
ЖИРГЭХ

Залуус өөр, өөрийн хүсэл мөрөөдөл, хэв маягаар амьдарч байна. Тэдний ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхныг “Залуус” булангаараа дамжуулан уншигчидтайгаа хуваалцахыг зорьж буй. Энэхүү дугаарт Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ний хүрэл медальт, ОУХМ Баттөмөрийн Мишээлтийг урьж ярилцлаа.


-Боксын спортод анх хэрхэн хөл тавьсан бэ?

-Би Орхон аймагт төрж өссөн. Тэнд дөрөвдүгээр сургуульд сурч байхдаа "Хангарьд" клубт хөлбөмбөг тоглодог байв. Талийгаач өвөө болон нагац ах М.Бямбабаатар нар намайг 2009 онд Биеийн тамир, спортын дунд сургуулийн боксын ангид хөтөлж оруулсан юм. 

-Хөлбөмбөгөөр үзүүлсэн амжилтаасаа сонирхуулбал?

-2007 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан нь хөл бөмбөгийн хамгийн өндөр амжилт маань. 

-Хайртай спортоо орхих амаргүй байсан байх?

-Спортын хүн, тэр дундаа хөлбөмбөгчин л болно гэж боддог байсан. Би боксын спортод дуртайдаа ороогүй, гэрийнхэн маань л хөтлөөд оруулчихсан юм. Тэгсэн 2008 оны Бээжингийн олимпоос анхны аваргууд төрөөд л. Миний үе тэнгийнхэн нэг хэсэгтээ жүдо, бокс гээд шуурч байсан үе. Өвөө, нагац ах хоёр маань “Багийн спорт чамд тохирохгүй, багийн спортоор монголчууд өндөр амжилт үзүүлэхгүй учраас боксын спортоор хичээллэ. Бокс чамд яг тохирно” гээд оруулсан юм даа. Спортын дунд сургуульд уг нь хөлбөмбөгийн анги байдаг, би тийшээ орчих гээд нэлээн үзсэн ч болоогүй /инээв/. Тэгээд өвөө, нагац ах хоёр маань бокс нь дээр гээд би боксыг сонгосон.

Спортын дунд сургуулийн Б.Дашбурмаа, Д.Энхдэлхий багш нараар анх бокс заалгаж, гараагаа эхэлсэн. 

Намайг анх бокст орохоос өмнө өвөө, нагац ах, гэр бүлийнхэн маань сэтгэл зүйгээр маш сайн бэлдэж байж оруулсан л даа. Боксын нэг ч бэлтгэл хийж үзээгүй байж шууд орно гээд сургууль, дугуйлан секц хайж явсан. Ингэж явахдаа 2020 оны олимпыг миний тархинд суулгаад өгчихсөн байсан. Ер нь өөртөө их итгэлтэй байж, өвөөгийнхөө, ахынхаа, гэр бүлийнхээ хүслийг биелүүлнэ гээд надад шантарч байсан үе байгаагүй. Олон ч ялагдаж, хоёр ч олимпоор бэлтгэл хангагч хийж байсан. Гэхдээ би огт шантраагүй, өнөөдрийг хүртэл хичээж яваад 14 жилийн хөдөлмөрөөр үнэлэгдэж дэлхийн медальтан болсондоо маш их баяртай байгаа.

-Хоёр удаагийн олимпод бэлтгэл хангагчаар явсан гэлээ. Ер нь бэлтгэл хангагчаар явсны ач тус нь юу вэ?

-Би 2016 оны Риогийн олимпод Э.Цэндбаатарын бэлтгэл хангагчаар, 2020 оны Токиогийн олимпод Б.Чинзориг ахын бэлтгэл хангагчаар явсан. Тухайн газарт нь очиж олимпод оролцож байгаа тамирчныхаа бэлтгэлийг хангадаг. Шилдгүүдтэй хамт бэлтгэл хийж байгаа учраас маш сайн хөгждөг. Маш том туршлага болдог доо.

-Боксын спортоор хичээллээд хамгийн анх ямар медаль авч байв?

-Б.Дашбурмаа багш маань Украйны нийслэл Киевд сургууль төгссөн. Тэр ч утгаараа оросуудтай их холбоотой байдаг. Тэгээд миний эхний хоёр гурван ч тэмцээн Орост болж байсан. Хамгийн эхэнд Байгаль далайн эргийн тэмцээнд оролцоод ялагдаж байсан. Түүнээс хойш нэг сар хагасын хугацаанд бэлтгэл хийгээд дараагийн тэмцээндээ алтан медаль, дараагийн хоёр тэмцээнд нь бас алтан медаль авч байсан.

-Дэлхийн аваргаас өмнө олон улсын тэмцээнд үзүүлсэн томоохон амжилт нь?

-Үүнээс өмнө гэвэл 2014 онд Тайландын нийслэл Бангкок хотноо болсон залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч байсан.

-Тэмцээнд жин нэмж, хасаж орохын аль нь амар байдаг вэ? Үүний ялгаа нь юу байна?

-Миний хувьд жин хасаж орох нь амар байдаг. Токиогийн олимпын эрх авах тэмцээнд би 69 килограмм руу жингээ нэмж орсон. Тэгээд эрхээ авч чадаагүй л дээ. Тэр үед манайхаас ганц Б.Чинзориг ах л эрх авсан. Жин нэмэх ямар байдгийг ер нь мэднэ. Саяын тэмцээнээр яг өөрийн байгаа жиндээ тоглосон. Миний жин 67, 68 килограммтай л байдаг. Би уг нь 63 килограммд тулалддаг хүн шүү дээ. Жин нэмэх их хэцүү, хасах нь илүү амар байдаг. Жин хасахаар бие физиологийн хувьд ч биеийн өөх багасаад ирэхээр хурд, мэдрэмж нэмэгдээд эхэлдэг. Жингээ нэмэхээр тайван, хүчтэй мөртлөө удаан байдаг юм байна лээ.

-Та хамгийн их үлгэрлэж явдаг хүнээ ОУХМ Б.Чинзоригийг гэж байсан. Тэгвэл энэ эрхэм хүнтэйгээ хамт дэлхийн аваргад эх орноо төлөөлж оролцоход хэр санагдаж байв? Тэмцээний үеийн дурсамжаасаа ярьвал?

-Үүнийг бүр эхнээс нь ярих юм бол, 2015 оны арван хоёрдугаар сард “Монгол туургатан” гээд олон улсын тэмцээнд шигшээ багийнхан хамт байрлаж байсан. Дүү нар ер нь ах нарыгаа хараад энэ ах ийм гоё гээд үлгэрлээд, дагаж дуурайдаг шүү дээ. Тухайн үед шигшээ багийн ах нараас надад хамгийн их таалагддаг, гоё санагддаг байсан нь Чинзо ах. Боксоос гадна биеэ авч яваа байдал, өөрийгөө илэрхийлэх, ярих чадвар гээд бүх юм нь надад их гоё санагддаг. Тэгээд Чинзо ах шиг л болох юм сан гэж боддог байсан. Тэр бодлоо тухайн үед хамт байрлаж байхдаа Чинзо ахад хэлэхэд ах ч бас дуртай хүлээж авсан. Тэгээд өөрийнхөө нууцаас зарим зүйлсээ надад зааж өгсөн. Ахтайгаа өдий хүртэл нөхөрлөж, ах дүүс шиг явж байна. Алхам тутамдаа би Чинзо ахаасаа суралцдаг. Бид хоёр 2015 оноос хойш бүх тэмцээнд хамт явсан юм байна. Байнга л нэг өрөөнд ордог. Нэг нэгийнхээ сайн муу, сайхан муухайг бүгдийг мэддэг, бүх зүйлээ ярилцдаг даа. Ахдаа баярлаж явдгаа энэ ташрамд илэрхийлье.

Дэлхийн аваргын үеэрх сонирхолтой зүйл гэвэл медалийн төлөөх тулаан. Өглөөний тоглолтод Чинзо ах, оройныхд нь би байсан. Чинзо ахын тоглолтыг үзэж дуусаад, уйлж байгааг нь хараад миний сэтгэл хөөрч, их баярласан.

Өрөөнд амрангаа хүлээж байгаад ахыг орж ирэхэд шууд баяр хүргээд их хөөрчихсөн байсан л даа. Тэгсэн Чинзо ах намайг “Хөөе хөөе, тайван тайван. Чи орой тоглоно шүү дээ. Орой хоёулаа нэгмөсөн баярлана. Ахын дүү одоо тайван бай” гэсэн. Тэгэхэд нь би их сонин болчихсон. Нэлээн хөөрчихсөн, уйлахыг нь хараад бас нулимс хүртэл цийлэгнэчихсэн байсан шүү дээ. Тэгээд ахын хэлэхийг сонсоод би өөрөө медалийн төлөө тоглож дууссаны дараа, бас медалиа авах үед хөөрөл ерөөсөө байхгүй болчихсон.

-Дэлхийн аваргын үеэр хүмүүс та хоёрыг алт авахад ойрхон байна гэж шуугиж байсан шүү дээ. Та хоёрын хувьд сэтгэл зүйн тал дээр ямархуу байж, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж байсан бэ?

-Боксын спортын хэцүүг нь би энэ дэлхийн аваргаар мэдэрсэн гэх үү дээ. Жин нэг их хасаагүй ч гэсэн 14 хоног жингээ барьсан. Хүн сэтгэл зүйгээрээ бас их ядардаг юм байна гэдгийг сая л мэдэрсэн дээ. Тоглолтгүй үедээ бэлтгэлээ хийгээд тоглолтоо хүлээгээд л, хэнтэй тоглох бол, яах бол гээд 14 хоногийн турш тэгж байхдаа ер нь нэлээн ядарсан. Сэтгэл зүйн хувьд өөртэйгөө ярих, өөрөө сэтгэл зүйгээ чангалах гэх мэтээр ажиллаж байсан. Бас олимпын үеэр Чинзо ахын хийж байсан сэтгэл зүйн дасгалуудыг хийсэн. Төсөөлөл дээрээ ажиллаж, дэвтэр дээр өөрсдийнхөө тактикыг бичсэн. Тэр бас их үр дүнтэй байсан.

Хэчнээн ядарч байгаа ч чадна гэсэн итгэлтэй байж 14 жилийнхээ хөдөлмөрийг одоо үзэж, үнэлүүлж чадах уу, үгүй юу гэдгээ одоо шийдэх гэж байна шүү гэж бодогдсон. Ер нь тэр үед өөртөө их итгэлтэй байсан. Чадна гэдэг бодол үргэлж толгой дотор байсан даа.

-Тоглолтын өмнө учраа тамирчинтайгаа таарав уу?

-Бид нар Узбекистанд хоёр сарын өмнө очсон шүү дээ. Очоод узбекчүүдтэй хамтарсан бэлтгэл хийсэн. Тэнд бокс нэг номерын спорт болчихсон юм байна. Тэр ч утгаараа тамирчид, өрсөлдөгч нар маш их байсан. Миний жингийн узбекийг би өмнө нь Азийн аваргаар ирэхэд улсынхаа шилдэг нь юм байна даа гээд харчихсан юм. Тэгээд бэлтгэл дээр тэр тамирчинтай гар зөрүүлэх гээд араас нь нэлээд хөөцөлдсөн боловч надтай нэг ч удаа гар зөрүүлээгүй. Өөр тамирчидтай ээлжилж бэлтгэлээ хийж байгаад шууд л дэлхийн аваргаар нөгөө тамирчинтай тулсан. Өмнө нь ерөөсөө надтай хамт бэлтгэл хийгээгүй тэр нь бас бодлого байсан байх.

-Медалийн төлөөх тулааны урд шөнө тамирчдад нэлээн хүндхэн байдаг байх. Таны хувьд хэр байсан бэ?

-Ер нь юм бодоогүй. Утас ч хураачихсан байсан учраас сайхан амарсан. Тэнд очоод хоёр сарын өмнөөс өөрийгөө бэлдээд эхэлчихсэн болохоор яавал нойр хүрч байна гээд хэдий үед яаж амрахаа дасгачихсан гэх юм уу. Тэгээд яг хэвшсэн үйлдлээ хийгээд л унтаад өгдөг. Бас нойрны бясалгал сонсоод унтахад тэр нь маш үр дүнтэй байсан.

-Ер нь сэтгэл зүйн байдал тань тэмцээнд  оролцоход хэрхэн нөлөөлдөг вэ?

-Бэлтгэл тааруу байвал тэр тэмцээндээ сэтгэл зүй тааруу байх гээд байдаг. Бэлтгэлээ сайн хангачихсан байхад угаасаа хүссэн хүсээгүй сэтгэл зүй маш өндөр байдаг.

-Медалийн төлөөх тулааны өмнө багш нар нь ямар зөвлөгөө өгч байв?

-Хамгийн гол хэлж байгаа зүйл нь тайван, сандралгүйгээр өөрийнхөө бэлдсэн, хийх гэж байгаа бүх зүйлээ л маш тайван, өөртөө итгэлтэйгээр хий. Медалийн төлөө гээд олон зүйл бодох хэрэггүй гэсэн. Манайх бас Узбекистаны мэргэжилтэн дасгалжуулагчийг авч ирж ажиллуулсан. Арбор Турсунпулатов  багш маань олон зүйл дээр тусалж, хамтарч ажилласан даа.

-Дэлхийн медаль авч байх үед хамгийн түрүүнд юу бодогдож, хэнтэй түрүүлж баяраа хуваалцмаар санагдав?

-Өвөө би чадлаа л гэж бодсон.

Энэ баяраа өвөөдөө л хамгийн түрүүнд хэлмээр байсан. Өвөө минь дээрээс харж, баярласан байх гэж бодож байна. Тэр мөчид надад үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрж, миний 14 жилийн хөдөлмөр талаар болсонгүй гэж бодсон.

-Өмнө нь та 2021 оны дэлхийн аваргад оролцож байсан. Тэгвэл өмнөх тэмцээнээсээ сургамж авч, туршлагажсан зүйл юу байна?

-Анх Белградад болсон Насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцсон. Тэр тэмцээнд би 63 килограммд, Б.Чинзориг ах 67 килограммд өрсөлдөж байсан. Тэр үед би өөрийнхөө алдаанаас болж ялагдсан л даа. Сугалаагаа түрүүлж хараад дотроо их юм бодчихсон байсан. Тэгээд наад талын даваануудаа тооцохгүйгээр Кубын тамирчинтай тулалдана л гэсэн сэтгэл зүйтэй гарсан. Дунд нь бас ялж байсан бусад орны тамирчид асуудалгүй гээд тайвширчихсан байсан юм. Ер нь Кубын тамирчинтай л медалийн төлөө гарч ирэх юм байна. Энэ дээр тоглоно л гэж бодсон маань их том алдаа болсон. Өөрийгөө 100 хувь дайчлах боломжтой байхад боломжоо ашиглаж чадаагүй.

Харин сая Ташкентэд болсон дэлхийн аваргаар манай боксын удирдлагууд, багш дасгалжуулагчид маань ч, би өөрөө ч бас сугалаагаа харахгүй, хэн хэнтэй тоглохоо урьдчилж харалгүй, урд урдах даваагаа л харна гэсэн бодолтой оролцсон. Энэ нь ч их үр дүнтэй байсан.

-Та үүгээрээ бас Монголын боксын хүнд жингийн анхны Дэлхийн аваргын медальтан болсон шүү дээ?

-Нээрээ тийм гэсэн. Түүхэнд ингэж бичигдэж байгаадаа их баяртай байна. Монголдоо хамгийн хүнд жинд дэлхийн медальтан болсон гэхээр өөрөөрөө бас бахархаж байна.

-Тамирчдад медаль авахын өмнөх зөн совин гэх юм уу, эсвэл янз бүрийн бэлгэшээл гэж байдаг гэлцдэг. Таны хувьд дэлхийн аваргаас медаль авахын өмнө тиймэрхүү зүйл мэдрэгдсэн үү?

-Тэр бол бүх талаараа мэдрэгдсэн. Бэлтгэлжилт болон орчин нөхцөл, цаг агаар, байр, хоол гээд бүх л юм маш гоё, надад их таарч, тохирч байсан. Тэгээд бүх юм ийм гоё байхад, одоо л чадахгүй бол цаашид больё гэсэн бодол төрж байсан. Өөр зарим тэмцээнд нэг юм таарахгүй, нэг юм нь болохгүй ч юм уу тийм зүйл болдог байсан л даа. Харин энэ удаа тэдгээрээс маш их ялгарч, бүх зүйл болж бүтээд сайхан байсан. Тиймээс одоо л цаг нь ирлээ, одоо л чадах ёстой гэх мэт бодол байнга төрсөн. Ер нь өөртөө маш их итгэлтэй байсан даа. Тэгээд өмнөх алдаагаа давтахгүй гэж маш их хичээж, бэлтгэлээ зорилготой хийсэн.

-Дэлхийн медальтан болж эх орондоо ирэх үед тамирчдыг хүндэтгэлтэйгээр угтаж авдаг шүү дээ. Тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?

-Тэр мэдрэмжийг авахыг би маш их хүсдэг байсан. 2018 онд Жакартад болсон Азийн наадмаас Э.Цэндбаатар, Б.Чинзориг ах нарыг медаль аваад ирэхэд тэр хоёр цэргийнхээ хувцастай, хүмүүс тэднийг дуу хөгжимтэй угтаад, гэрийнхэн нь хадаг сүү бариад тосож байхад нь ямар гоё юм бэ, би ингэж л үзэх юм сан гэж бодсон юм. Тэгээд сая тэр мэдрэмжээ авсан. Зөндөө хүн ирчихсэн хаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй, маш гоё байсан.

-Та боксыг сонгосон шалтгаан бол гэр бүлийнхэн тань. Тамирчдын хувьд гэр бүлийн дэмжлэг хамгийн чухал зүйл байх?

-Мэдээж шүү дээ. Гэр бүл гэвэл би бурхны оронд байгаа өвөө, эмээгээ ярина. Мөн манай нагац нар байна. Шигшээ багт ороогүй, дөнгөж анх бэлтгэл сургуулилтаа хийж эхлээд явж байхад нагац нар маань намайг дэмжиж ийш тийшээ тэмцээнд явахад зардлын мөнгө, халаасны мөнгө гээд бүхий л зүйлээр тусалдаг байсан. Ер нь хаана ямар тэмцээнд оролцоно гэнэ тэр бүгдэд явуулдаг, намайг маш их дэмждэг. Би нагац нарынхаа хүмүүжлээр өдий зэрэгтэй явж байгаа. Нагац ах, эгч нартаа их баярлаж явдаг.

-Тэмцээнээс медаль аваад шагналын мөнгөөрөө ч юм уу гэрийхэндээ зориулж байсан дурсамжаасаа ярьвал?

-2014 онд би 11 дүгээр анги төгсөх жилээ Бест Буйдан ХХК-ийн тамирчин болсон. Анх орохдоо 200 мянган төгрөгийн цалин аваад бөөн баяр болж байсан. Тэгээд ээждээ, ахдаа цалингийнхаа дээжээс өгөөд, бурхандаа тавиад, өөрөө бас дуртай юмнуудаа, бэлтгэлийнхээ хувцас хэрэгслийг аваад их гоё, урамтай байсан.

Ер нь тэгээд ээжийгээ баярлуулах л хамгийн гоё. Энэ удаагийн дэлхийн аваргаар гэхэд л манай ээж хөл нь газар хүрэхгүй бөөн баяр болчихсон, “Миний хүү ямар мундаг юм бэ. Ээж рүү нь л хүмүүс залгаад баяр хүргээд байх юм” гэсэн. Тэрийг сонсоод маш гоё санагдсан даа.

-Ээж тань саях тэмцээнийг үзэж чадсан болов уу? Ер нь дотооддоо оролцож байгаа тэмцээнийг гэрийнхэн тань хэр их үздэг вэ?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай гэрийхэн бүгд үзсэн гэсэн. Ээж маань гэхдээ айгаад сайн үзэж чаддаггүй. Дууссаных нь дараа манай нагац нараас мэдээ авдаг. Харин аав, нагац нар бүгд үзсэн байсан. Монголд болж байгаа тэмцээнүүдэд гэрийнхэн маань нэг их ирдэггүй л дээ. Би ч өөрөө анхнаасаа үзүүлдэггүй байсан. Санаа зовоод жаахан сонин санагддаг байсан юм. Өөрөө сандраад тоглолт гарахгүй байх гэж бодсон байх. Харин сүүлийн үед, хоёр жилийн өмнөөс эхэлж гэрийнхэн маань хааяа ганц хоёроороо ирж үздэг болсон. Ер нь бөөнөөрөө ирж үзэж байгаагүй.

-Та тулааны төгсгөлд ялсан ч, ялагдсан ч сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлдэг. Зарим тамирчин рингэн дээрээс буусны дараа эмоцио гаргадаг бол зарим нь ялагчийг ч зарлаагүй байхад хөөрч догдлоод байдаг шүү дээ?

-Би аль болох өөрийгөө харьцангуй дарахыг боддог. Сэтгэл хөдлөлөө тэгж их гаргах гээд байдаггүй. Энэ дэлхийн аваргын тэмцээнд эхний тулаанууд дээр эмоцио гаргахгүй байж байгаад медалийн төлөөх тоглолтууд дээр би ялалтаа авсны дараа хойшоо эргэсэн. Тэрийг уг нь олон жил бэлдсэн л дээ. Гэхдээ яг гол мөч дээр нь дутуу эргээд дөрвөн хөллөөд буучихсан. Толгойгоороо унангаа алдсан.

Өөрийнхөө ядарсныг тэр үед л их мэдэрсэн дээ. Өмнө нь гурван раунд тасралтгүй хүнд тоглолт хийсний дараа эргэхэд л тэгж буудаг байсан. Гэтэл сая нэг раунд бүтэн тоглоод, хоёр дахь раунд хагас тоглоод эргэж байхад дөрвөн хөллөөд буусан гэхээр миний бие нэлээн ядралттай байсан байгаа юм.

-Ялагдлын дараа хүмүүсээс ирэх хандлага танд хэр нөлөөлдөг вэ? 

-Миний хувьд ялагдлын дараа гэр бүл л байдаг. Ялагдаж үзсэн, бэлтгэл хангагч ч хийж үзсэн. Тэр мэдрэмжийг бол маш сайн мэднэ. Сүүлд гэхэд л оны өмнө бид нар "Дэлхийн цом"-ын тэмцээнд явсан. Есөн тамирчин явснаас найман тамирчин медаль авч би ганцаараа медальгүй ирсэн. Тэгээд манай найман тамирчинг хүмүүс хүлээж аваад хүндэтгэл үзүүлнэ шүү дээ. Тэгэхэд нь би ганцаараа медальгүй байж дунд нь дагаж яваад байх хэцүү. Тиймээс хурдхан л тэндээс холдож байгаа юм.

ЯЛАГДАЛ бол маш их ухаарлыг өгдөг. Гэхдээ энэ мэдрэмжийг тэр болгон авахыг хүсдэггүй. Ялагдлын дараа ер нь ганцаараа л байдаг даа.

-Ялагдлын дараа сэргэх нь хэр хурдан бэ?

-Тэмцээнд ялагдаад ирсэн бол удахгүй шууд бэлтгэлдээ орчихдог. Бэлтгэлээ хийгээд эхлэхээр сэтгэл санаа буцаад гайгүй болоод ирдэг.

-Таны хувьд тулааны хамгийн гол арга техник юу вэ?

-Би ер нь хойшоо, зайнаас тоглодог. Өрсөлдөгч тамирчнаа дуудаж, хоёр номероор ажилладаг гэх юм уу. Эхлээд өрсөлдөгчөө ажиллуулж байгаад дараа нь өөрөө ажилладаг.

-Энэ ташрамд үргэлж тусалж, дэмждэг хүмүүстээ хандаж үг хэлбэл?

-Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Аврагч” бокс клуб болон онцгой байдлын нийт алба хаагчдадаа маш их баярлалаа. Мөн олон жил намайг дэмжсэн Бест Буйдан ХХК-ийн захирал Ү.Батбаяр болон Д.Алтантуул нарт талархаж явдаг. Бас Үндэсний шигшээ баг болон Анагаах ухаан эрдэм шинжилгээний албаны хамт олон, тэмцээнд хамт явсан эмч Ч.Насанбат, тусалж дэмждэг эмч Д.Өлзийсүрэн нартаа, дасгалжуулагч, Боксын холбоо, удирдлагууддаа баярлалаа.

Бидний энэ амжилт бол нэг зүгт, нэг зорилготой, нэг сэтгэлтэй ажилласны үр дүнд гарсан гэж бодож байна. Боксын холбооныхоо хамт олонд маш их баярлалаа.

-“Аврагч” спорт хороонд та хэзээнээс эхэлж харьяалагдсан бэ?

-Би 2017 онд анх удаа насанд хүрэгчдийн улсын аваргаар 56 килограммын жинд түрүүлж байсан. Тэгээд “Аврагч” биеийн тамир, техник спортын хороонд орсон. Хамгийн анх энэ байгууллагаас санал ирээд шууд орсон л доо. Одоо харьяалагдаад зургаан жил болж байна.

-Та цаашдын зорилгоо ер нь хэрхэн тодорхойлж байна? Мэргэжлийн бокст хүч үзье гэж боддог уу?

-Одоогийн байдлаар мэргэжлийн бокс гэхээсээ гурав дахь даваа болох олимпын наадамд илүү анхаарч, олимпдоо л бэлдэж байна. Өөрийнхөө туршлага дээрээс харахад олон юм бодоод дэмий юм шиг санагдсан. Урдах урдахаа л чанартай давж гарсан нь дээр гэж бодож, өөр зүйлд анхаарахгүй байгаа.

-Их төвлөрдөг байх нь ээ?

-Сүүлийн үед л тэгж сурч байна шүү дээ. Өмнө нь бол олимп, дэлхийн тэмцээн гээд аймар аймар юм бодоод л явдаг байсан. Одоо харин урдахаа л харж, урд байгаа даваагаа л сайн давъя гэж бодож байна.

-Тамирчин болохын сул болоод давуу талыг та юу гэж хардаг вэ?

-Сул тал гэвэл маш олон зүйлийг тамирчин хүн золиосолдог. Жишээ нь, тамирчдын зүрх ер нь их өвддөг шүү дээ. Би ч бас 14 жил хөдөлмөрлөхөд бэлтгэл хийхгүй юм уу бэлтгэл хэтэрсэн үед зүрх маань өвддөг. Нуруу бас татдаг болчихсон. Олон ч зүйлийг золиосолсон.

Гэр бүл, боловсролоо хойш нь тавьж, амьдралынхаа багагүй цаг хугацааг үүнд зориулсан нь бас зарим талаараа яалт ч үгүй сул тал. Харин давуу тал гэвэл би боксоос, спортоос ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГӨӨ АЖИЛЛАХ ЧАДВАРЫГ сурсан гэж боддог. Ер нь их спортоос сурсан зүйл маш их бий.

-Танд урлагийн авьяас бий юу? Спортод орохоосоо өмнө ч юм уу хийдэг байсан зүйл гэвэл?

-Боксоор хичээллэснээс хойш бүгд хаягдаж байгаа юм л даа. Ер нь зөвхөн бэлтгэлдээ л төвлөрдөг. Би багадаа Эрдэнэтэд байхдаа цэнгээнт бүжгээр хичээллэдэг байсан юм. Эмээ маань өөрөө бүжиглэдэг байсан учраас цэнгээнт бүжгээр  намайг бүжиглүүлдэг байсан.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Ер нь амьдралын хэв маяг тань хэрхэн өрнөдөг вэ?

-Чөлөөт цагаа олон зүйлд зарцуулдаг. Зунд бол усанд сэлээд, өвөлдөө цанаар гулгадаг ч юм уу. Ихэнхдээ сагсанбөмбөг, хөлбөмбөг тоглох гэх мэт янз бүрээр ашигладаг. Өдрийн ихэнх цаг зөвхөн бэлтгэлд зарцуулагддаг. Аль болохоор эрүүл хооллож, нойроо зөв авахыг их хичээдэг л дээ. Спортод мэдээж нойр, хоол хамгийн чухал нь шүү дээ. Миний хувьд нойр муутай. Тэгээд шөнө нойр багатай үедээ өглөө нь сайн унтаж нойроо хангалттай авахыг боддог.

-Ном хэр их уншдаг вэ? Өөрийгөө хөгжүүлэхийн тулд спортоос гадна юу хийж байна?

-Ном их уншдаггүй ээ. Үнэнээ л хэлье /инээв/. Харин сүүлийн хэдэн жил гитар тоглож сурах гэж оролдож байна. Гэхдээ багшаар заалгахгүй болохоор сайн явдаггүй, гацчихдаг юм байна лээ. Нэг хэвэндээ гацчихаад ерөөсөө ахихгүй л байгаад байна /инээв/.

-Гитарын багштай болъё гэж боддог уу?

-Тийм. Бүх зүйлээ дуусгачхаад нэг заалгана даа.

-Амьдралдаа баримталдаг хамгийн гол зарчим тань?

-Би өөрөө өөртөө үнэнч байж чаддаг. Өөрийгөө хуурахыг хүсдэггүй.

-Өөрийгөө ер нь ямар хүмүүсээр хүрээлүүлэхийг хүсдэг вэ?

-Өөрөөсөө илүү хүмүүсээр хүрээлүүлэхийг хүсдэг. Тэднээс суралцахын тулд өөрөөсөө бүх зүйлээр илүү хүмүүстэй аль болох ойр байдаг. Сайн чанарыг нь олж харж юугаараа би дутуу байна, яаж үүнийг нь суралцаж болох вэ гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. 

Р.Батхишиг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    12 цаг 14 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    13 цаг 17 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    13 цаг 53 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    14 цаг 5 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    15 цаг 8 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    15 цаг 53 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    15 цаг 55 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    16 цаг 0 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    16 цаг 5 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    19 цаг 34 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    20 цаг 37 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    20 цаг 57 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    21 цаг 2 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    21 цаг 38 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    21 цаг 58 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    22 цаг 14 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    Уржигдар 16 цаг 45 мин
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    Уржигдар 14 цаг 11 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    Уржигдар 12 цаг 28 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК