
Монгол Ардын Намын даргын сонгуульд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшихээ мэдэгдээд удаагүй байна. Түүнийг мэдэгдэл хийсний дараа МАН дотроо бужигнаж эхэлсэн байна. МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай улстөрч бол Ерөнхий сайд Г.Занданшатар гэгдэж байгаа
Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр парламентын намрын чуулган нээлтээ хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны улсын төсвийг танилцуулж, Монголын нийгэм эдийн засагт гарсан зарим эерэг өөрчлөлтүүд, ололт амжилтыг дурдахын сацуу ирэх оны төсөв нь хүний хөгжилд өгөөжтэй хөрөнгө оруулалтыг дэмжих өрийн дарамтыг үе шаттай бууруулах зорилготойг дурдан үг хэлсэн юм. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Нийгмийн даатгал иргэдийн нурууг авч байгаа тул хуучирсан тогтолцоог үндсээр нь халж, хулгай луйврын ул мөрийг нөхөхөд чиглэсэн шинэчлэлийг хийж болохгүй, төр хувийн хэвшилтэй өрсөлддөг байж болохгүй зэргээр нийгэмд болохгүй байгаа зүйлсийн талаар хэлж шийдвэрлэх арга замыг эрэн ажиллахыг дурдсан юм.
Угтаа улсын төсөв хэлэлцэх чухал үед МАН-ын даргын сонгууль давхцаж байгаа нь нам доторх улс төр хурцдаж мэдэх асуудлыг дагуулж байна. Бүгд төсөвт анхаарлаа хандуулж байх ёстой атал тал, талд бужигнаж байж яавч таарахгүй.
Эрх баригч МАН-ын даргын сонгууль улсын зовлон болох ёсгүй. Тиймээс Ардын нам даргын сонгуулиа яаравчлан явуулах шаардлагатай байгаа юм. Чухамдаа МАН-д тулгамдаад байгаа даргын асуудал төсвөөс илүү анхаарал татахуйц үйл явдал байж болохгүй. Төрийн эрх барьж буй намынхан гүйдлээ хурдан олж, улсын ажлыг удаашруулж, гацаахгүй урагш явуулмаар байна.





















































