Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтраад “Хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээ хангах” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг энэ сарын 29-ний өдрийн 09:30-12:30 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Их танхимд болно.
Өдөрлөгийн зорилго нь хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээг хангах, төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих мөн төрийн албан хаагчдыг хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжихэд оршиж байгаа аж.
Өдөрлөгт 50-80 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 150-200 төрийн албан хаагч оролцохоор бүртгэл хийгдэж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, салбарын яамд болон бусад холбогдох байгууллагууд эл өдөрлөгт хамтран оролцох юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.