УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар нь Г.Занданшатарыг Ерөнхий сайд болсноос хойш зөвлөхөөр\орон тооны бус\ нь ажиллаж байгаа. Ялангуяа ОХУ-аас авах түлш, шатахууны асуудалд Г.Занданшатар Ц.Анандбазарын зөвлөгөө\хор\-г тусгайлан сонсож байгаа гэх.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар, зөвлөх Ц.Анандбазар хоёрын хоршил, хамтралын цаадах нууц сая тайлагдлаа. Зөвлөх Ц.Анандбазар нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 322 тэрбум төгрөгийн тендер авч, хэзээ мөдгүй гэрээгээ үзэглэхээр болсон байна. Энэ нь Ц.Анандбазарын төрөөс авч байсан бүх цаг үеийн хамгийн өндөр төсөвтэй тендер нь юм.
Жич: Ц.Анандбазар “Содмонгол групп”, “Интерстандарт нефть” гэх хоёр компаниараа “Эрдэнэт”-ээс 2019-2024 онд буюу таван жилийн хугацаанд 253 тэрбум төгрөгийн тендер цувуулж авч байсан. Харин нэг удаад 322 тэрбум төгрөгийн тендер авсан нь түүнд түүхэн мөч болж байна.
Баримт: Ерөнхий сайд Г.Занданшатар долдугаар сарын 9-нд 26 дугаар тогтоол гаргаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилсон. Харин Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчаар У.Бямбасүрэнг томилсон. Үүнээс 10 хоногийн дараа буюу долдугаар сарын 19-нд Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн биеэр Өмнөговь дахь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн оффист очсон. “Эрдэнэс тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн түүнийг тусгайлан хүлээж авсан.
Үүнээс 11 хоногийн дараа буюу наймдугаар сарын 1-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-аас Түлш, шатахуун худалдаж авах 322 тэрбум төгрөгийн тендер зарласан. Улмаар есдүгээр сарын 17-нд Ц.Анандбазарын “Содмонгол групп” ХХК-ийг шалгаруулсан байна. Ингэхдээ “Шунхлай” болон “Петровис”-ийн харьяа “НИК”-ийг “Өндөр үнийн санал өгсөн” шалтгаанаар хасаж, харин Ц.Анандбазарыг “Содмонгол групп”-ыг шалгаруулан гэрээ байгуулахаар болжээ. Энэхүү 322 тэрбум төгрөгийн тендер нь Ц.Анандбазарын “Содмонгол групп” ХХК-ийн байгуулагдсанаасаа хойш оролцсон, шалгарсан хамгийн том тендер болж байна. Мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тухайд байгуулагдсанаасаа хойш анх удаа ийм өндөр төсвөөр буюу 322 тэрбум төгрөгөөр Түлш, шатахуун авах тендер зарласан нь энэ болж байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчаар У.Бямбасүрэнгийн тухайд, Г.Занданшатарыг МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Мөн Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга байх үед дэд даргаар нь ажиллаж байсан.
Асуудал: Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онц дэглэм тогтоож, өөрийн хүнийг Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчаар тавьж, тэр нь 322 тэрбум төгрөгийн тендер зарлаж, түүнд нь Г.Занданшатарын зөвлөх Ц.Анандбазар шалгарсан нь, ингэхдээ яг онцгой дэглэмийн хугацаанд багтаж шалгарсан нь хардлага дагуулж байна.
Г.Занданшатар, Ц.Анандбазар хоёрын бусад холбоосууд
- Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Дэлгэрмаа нь 2015 онд Г.Занданшатартай хамтран “Монголиан силикон валли” ХХК-ийг байгуулсан. “Монголианг силикон валли” ХХК нь Мэдээлэл технологийн үндэсний паркийн 207 тоотод оффислож байсан.
Ц.Анандбазар 2010 оноос хойш Мэдээлэл технологийн үндэсний паркийн 1, 2-р давхрыг Төрийн өмчийн хорооноос түрээсэлж, “Өргөө” кино театр болох компаниудаа оффислуулж ирсэн.
Ц.Дэлгэрмаагийн тухайд, “Сод солонго” ХХК-ийг эзэмшдэг, захирлаар нь Ц.Анандбазарын эхнэр Нямаагийн Бямбажав ажилладаг.
Жич: Ц.Дэлгэрмаагийн хүү Амарсайханы Нямринчин нь Эрчим хүч, Дэд бүтцийн сайдаар ажилласан асан Б.Жигжидийн зээ охин Батцэнгэлийн Тэмүүлэнгийн нөхөр. Харин Б.Тэмүүлэнгийн эгч Б.Орхон нь УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы хүү Б.Мөнхсайханы эхнэр.
- 2012 онд Ц.Анандбазар Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж шав тавихад Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатар тусгайлан очиж тууз хайчилж байсан.
- 2012, 2016 онд УИХ-д нэр дэвших гээд бүтэлгүйтсэн Ц.Анандбазарт 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатыг Г.Занданшатар олж өгсөн. Хариуд нь Ц.Анандбазар Богдхан уулын Бага тэнгэрийн аманд барьсан 160 айлын хауснаасаа нэгийг нь авлига болгож өгсөн гэгддэг.
- Ц.Анандбазар, Г.Занданшатар хоёр хамтран “Богд Зонхов” бурхны хөшөөг улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр бариулахаар зүтгүүлж, 2022 оны улсын төсөвт суулгаж байсан.
- Ц.Анандбазар Н.Энхбаярын туслах болж, хамтдаа “Содмонгол групп” ХХК-ийг иргэн Д.Чинзоригоос булааж хөлжсөн. Д.Чинзориг нь 2014 оны үед Ц.Анандбазар, Н.Энхбаярын хоёроос компаниа авахаар хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж байсан ч бүтэлтэй болоогүй. Одоо ч Ц.Анандбазар, Н.Энхбаяр хоёрын хуурай ах дүү, дарга, цэргийн хамтрал үргэлжилж, Ц.Анандбазар нь Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж, харин Н.Энхбаяр Ерөнхий сайд Г.Занданшатарын “PR”-ийг хариуцан Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл (1)