Хотын дарга Х.Нямбаатар: “Улаанбаатар метро төслийн сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарласан учраас тэр зарчмаараа үргэлжилж байна. Эцсийн шатны сонгон шалгаруулалтыг ирэх сарын 15-нд урьдчилсан санал ирүүлсэн 27 аж ахуйн нэгжийн дунд зарлах товтой байгаа. Том төслийн төлөвлөлтийг олон улсын стандартад нийцүүлж зохион байгуулах, төсөв босгох гээд ажил их байна. Төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ. Мөн Улаанбаатар трамвай төслийн дөрөвдүгээр шатны шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ. Эцэст нь гэж хэлэхэд хотоос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүхий л томоохон төслүүд гараанаасаа гарсан гэдгийг хэлье” гэлээ.

Улаанбаатар хотын баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэл буюу хэвтээ тэнхлэг дагуу өдөрт дунджаар 347,000 авто машин зорчиж байна. Энэ дагуу оргил цагийн үед нэг иргэн өдөрт дунджаар 3-4 цагийг зарцуулж буй бөгөөд үүний цаана ажлын цагийн алдагдал, шатахууны хохирол, нийгмийн бухимдал зэрэг асар их эдийн засгийн хохирол учруулдаг. Тиймээс хотын төвийг ачааллыг даах тээврийн дэд бүтэцтэй болох нэг төсөл бол Улаанбаатар метро төсөл юм. Энэхүү төслийг хотын хамгийн их ачаалалтай Энхтайваны өргөн чөлөө дагуу төлөвлөж, ТЭЗҮ, концепз зураг төслийг боловсруулж дууссан бөгөөд Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (ESIA)-г БНСУ-ын “Иножен” ХХК болон Монгол Улсын “Эко Натур” ХХК хамтран гүйцэтгэж, 12 дугаар сард дуусгана. Төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлэх юм.




















































