
Хасын Хүлэгүүд баг EASL-ийн ширүүн өрсөлдөөнт тоглолтод Alvark Tokyo-д 93–97 харьцаагаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Улаанбаатар хот — 2026 оны 2 дугаар сарын 11 Зүүн Азийн клубуудын нэр хүндтэй тэмцээн болох East Asia Super League (EASL)-ийн хэсгийн шатны тоглолтод Монгол улсыг төлөөлж оролцсон Хасын Хүлэгүүд баг Японы Alvark Tokyo багийг талбайдаа хүлээн авч, өндөр хэмнэлтэй, ширүүн өрсөлдөөний эцэст 93–97 харьцаагаар ялагдал хүлээлээ.
Тоглолт Хүлэгүүд багийн ахлах дасгалжуулагч Athanasis Skourtopoulus агсаны гэгээн дурсгалд зориулж багийн тоглогчид, арын алба, ордонд цугласан фанатууд эмгэнэл илэрхийлснээр эхэлсэн бөгөөд Хүлэгүүд багийн хувьд уг тоглолт сэтгэл зүйн хувьд асар хүнд шалгуур байх нь дамжиггүй байлаа. Тоглолтын гол баатар нь Alvark Tokyo багийн довтлогч Sebastian Saiz байв. Тэрбээр 38 оноо авч, 58.8 хувийн гүйцэтгэлтэй довтолж, торгуулийн шидэлтийг 14/14 амжилттай гүйцэтгэж, багийнхаа довтолгоо, хамгаалалтын ноён нуруу нь боллоо. Мөн 7 самбар авч, тоглолтын шийдвэрлэх мөчүүдэд бөмбөгийн ашигтайгаар эзэмшиж онооны давуу байдлыг хадгалах чухал үүрэг гүйцэтгэсэн нь ялалтын гол түлхүүр болов. Хасын Хүлэгүүд багаас Монголын шигшээ багийн тоглогч Б.Барсболд онцгой тоглолт үзүүлж, 16 оноо, 9 самбар, 12 дамжуулалт хийснээр трипл-дабль хийхэд тун ойртсон статистик бүртгүүллээ.
Түүний талбай дээрх тоглолтын удирдлага, хамгаалалт-довтолгоонд жигд оролцож, хэдий залуу тоглогч ч гэсэн аль хэдийн багийн лидер тоглогч болсноо нотлон харууллаа. Мөн төвийн тоглогч Жорди Чиманга 15 самбар, Иан Миллер 25 оноо авчээ. Хоёр багийн тоглолт самбарын тэмцэл, шидэлтийн хувь зэрэг довтолгооны үзүүлэлтээр ойролцоо байсан ч Alvark Tokyo багийн алсын зайн шидэлтийн өндөр гүйцэтгэл тоглолтын төгсгөлд онооны ялгааг шийдэв. Энэхүү тоглолт нь Монголын клубын сагсан бөмбөг Азийн дээд түвшинд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх чадвартайг дахин нотлон харуулсан бөгөөд хөгжөөн дэмжигчдэд нэгэн гайхалтай тоглолтыг толилуулан, догдлол, харамсал, хөөр баясал бүгдийг нэгэн агшинд мэдрүүллээ. Хасын Хүлэгүүд багийн зүгээс хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлж, бусад тэмцээнийхээ дараагийн тоглолтуудад илүү хүчтэй эргэн ирэхээ мэдэгдэв. Уг тоглолтын үр дүнгээс бидэнд юу харагдав? 1. Монголын сагсан бөмбөгийн хөгжил Зүүн азийн бусад өндөр хөгжилтэй улсуудтай эн зэрэгцэх хэмжээнд ойртжээ. EASL тэмцээнд Хүлэгүүд баг хэсэгтээ БНСУ, Япон, Тайваны лигийн аваргуудтай өрсөлдөж 3 хожил, 3 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ.
Хэдий Тайваны багтай үзүүлэлт тэнцүү ч хоорондын тоглолтын ердөө ганц бөмбөгний зөрүүгээр хэсгээсээ харамсалтайгаар хасагдлаа. Гэвч уг үзүүлэлт нь бүсийнхээ сагсан бөмбөгийн топ багуудтай эн тэнцүү өрсөлдөх чадамжтай болсныг нотлон харуулсан амжилт юм. 2. Монгол тоглогчдын ур чадвар, тоглолтод гүйцэтгэх үүрэг легионер тоглогчдоосоо ч чухал байр суурь эзэлдэг болжээ. Alvark Tokyo багтай хийсэн сүүлийн тоглолтод Б.Барсболд, А.Азбаяр нарын Монголын шигшээ багийн тоглогчид хамгийн чухал байр суурь эзэлж байсныг онцлоё. Б.Барсболд тоглолтын эхлэлд 3 удаа алсын зайнаас амжилттай довтолж багийн тоглолтыг сайн эхлүүлсэн. Мөн тоглолтын хоёрдугаар хагаст онооны зөрүүг арилгахад түүний хийсэн бөмбөг таслалт, довтолгоо найруулга чухал үүрэгтэй байсан.
А.Азбаярын довтолгоо ч мөн багийн хамгийн хүчтэй, эсрэг багт хамгаалахад хэцүү зэвсэг нь байсныг дурьдах нь зүйтэй. Азийн сагсан бөмбөгт байдаг нийтлэг дүр зураг нь гадаад импорт тоглогч багийн хамгаалалт довтолгооны цөм нь байж түүнийхээ сайн эсвэл муу тоглохоос хамаарч багийн амжилт нь шийдэгддэг. Харин Хүлэгүүд багийн уг тоглолтын үзүүлэлт, тоглолтын явцаас үзэхэд гадаад тоглогчид гэхээсээ Монголын шигшээ багийн залуу одод багийн орлуулашгүй хэсэг нь болсон нь Монголын сагсан бөмбөг ирээдүйд өнөөдрийн энэ амжилтаа ахиулахад ядах зүйлгүй болох нь харагдаж байна. 3. Дараа жилийн EASL тэмцээнд Монголын лигийн аварга баг илүү хүчтэй оролцох боломжтой. МСБХ-ны Үндэсний дээд лигийн өрсөлдөөн жилээс жилд ширүүсч багуудын ур чадвар, чанар чансаа ахиснаар, 2025-2026 оны лигийн аваргаар ямар ч баг шалгарсан гэсэн ирэх жилийн EASL-д Монголын баг хамгийн хүчтэй өрсөлдөгчид байх болно гэдгийг Хүлэгүүд баг нотлон харууллаа. Мөн далайн түвшнээс өндөрлөгт байрладаг, хахир уур амьсгалтай Улаанбаатар хотдоо хийх, багаа чин сэтгэлээсээ уухайлан дэмждэг үнэнч фанатуудаар дүүрэн M bank arena Зүүн азийн бусад лигийн аваргуудад хүнд даваа, зүрхшээх тоглолтууд байх нь дамжиггүй юм.

























































