
Жил бүрийн долдугаар сарын 22-нд дэлхий даяар "National Mango Day" буюу "Мангоны өдөр"-ийг тэмдэглэдэг. Энэхүү өдөр нь зөвхөн амтат жимсийг алдаршуулах бус, хүн төрөлхтний түүх, соёл, шинжлэх ухаан, эрүүл хооллолттой салшгүй холбоотой мангоны үнэ цэнийг онцолдог.
Манго нь 5000 гаруй жилийн өмнөөс Энэтхэг, Мьянмар, Бангладешийн бүс нутагт тариалж эхэлсэн хамгийн эртний жимсний нэг бөгөөд Буддын шашны судар, эртний Энэтхэгийн домогт хүртэл дурдагддаг. Энэтхэгийн эзэн хаад мангоны тусгай цэцэрлэг байгуулж байсан тухай түүхэн баримт бий.

Өнөөдөр дэлхий дээр 1000 гаруй сортын манго байдаг бөгөөд амт, үнэр, өнгө, хэмжээ нь хоорондоо эрс ялгаатай. Зарим сорт нь бал мэт амттай бол цитрус жимсийг санагдуулам исгэлэн амттай төрөл ч байдаг.
Мөн манго нь Энэтхэг, Пакистан, Филиппиний үндэсний жимс бөгөөд Бангладешийн үндэсний мод гэгддэг байна.

Манго бол зөвхөн амттай жимс биш, харин дэлхийн эдийн засаг, эрүүл мэндийн салбарт ч чухал үүрэгтэй ургамал юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр жил бүр дэлхий даяар 60 сая гаруй тонн манго үйлдвэрлэдэг бөгөөд үүний 40 гаруй хувийг Энэтхэг улс дангаараа хангадаг. Экспортын хэмжээгээр Мексик, Перу, Бразил зэрэг орнууд тэргүүлдэг бол дэлхийн хамгийн том импортлогчдын нэг нь АНУ юм.
Шим тэжээлийн хувьд нэг ширхэг дунд хэмжээний манго хүний өдөрт авах шаардлагатай витамин C-ийн ихэнх хувийг хангахаас гадна витамин A, фолат, кали, эслэг болон мангиферин гэх хүчтэй антиоксидант агуулдаг.
Сүүлийн жилүүдийн судалгаагаар мангиферин нь эсийг исэлдэлтийн стрессээс хамгаалах, дархлааны үйл ажиллагааг дэмжих, үрэвслийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж болзошгүйг тогтоосон бөгөөд манго тогтмол хэрэглэх нь гэдэсний ашигтай бичил биетний өсөлтийг дэмжих боломжтой гэсэн үр дүн ч гарчээ.
Дэлхийн улс орнууд мангоны өдрийг өөр өөрийн өнгө төрхөөр тэмдэглэдэг. Энэтхэгт хүмүүс шинэ ургацын мангоор амттан, ундаа бэлтгэж, мангоны үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Харин Тайландад алдарт "Манготой амтат наалдамхай будаа, Мексикт лайм, чинжүүтэй шинэ манго хамгийн эрэлттэй хоол болдог. Зарим улс оронд хамгийн том манго, хамгийн олон сортын үзэсгэлэн, манготой хоолны тэмцээн хүртэл зохион байгуулдаг.

Сонирхуулахад, хамгийн өндөр манго мод 30–40 метр хүрч ургадаг бөгөөд 100–300 жил наслах боломжтой. Нэг модноос жилд 500 хүртэл жимс хураах тохиолдол байдаг бөгөөд хамгийн том манго 4 кг-аас дээш жинтэй байсан тухай дэлхийн рекорд бүртгэгджээ.

















































