
Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Аса Аренад зохион байгуулагдана.
Тэмцээнийг Монголын Волейболын Холбоо Зүүн Азийн Волейболын Холбооны албан ёсны эрхийн хүрээнд зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн үндэсний шигшээ багууд оролцож, Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөх юм. Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн нь Азийн Волейболын Холбооны харьяа Зүүн Азийн Волейболын Холбооны гишүүн орнуудын үндэсний шигшээ багуудын албан ёсны тэмцээн юм. Анх 1998 онд зохион байгуулагдсан бөгөөд энэ жил Улаанбаатар хотод 13 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улс тус тэмцээнийг 2000, 2008, 2015, 2017 онуудад зохион байгуулж байсан бөгөөд Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжөөд эхний зуун жилээ үдэж, дараагийн шинэ зууны өнгийг тодорхойлох чухал мөчид эх орондоо энэхүү тэмцээнийг тав дахь удаагаа хүлээн авах гэж байгаа юм. Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан бол эрэгтэй шигшээ баг 2015, 2017 онд дөрөвдүгээр байр эзэлж байжээ. 2026 оны тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй Үндэсний шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна. Гадаадын мэргэжлийн лигүүдэд тоглож буй Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Батсуурь нар шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдсэн бөгөөд эцсийн бүрэлдэхүүнийг тэмцээний өмнө албан ёсоор зарлана.

Монголын Волейболын Холбоо тэмцээнийг зохион байгуулах болон волейболын урт хугацааны хөгжлийг дэмжих чиглэлээр бизнес, төр, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямцацогтын ивээл дорх энэ удаагийн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний дэмжигчээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, тэргүүн түншээр "CU Mongolia", алтан түншээр "Golomt Bank" оролцож байна.



















































