
АНУ-ын 2026 оны завсрын сонгуулиар Нью-Мексико мужийн захирагчаар Ардчилсан намаас нэр дэвшсэн Деб Хааланд сонгогдож, тус улсын түүхэнд мужийн захирагчаар сонгогдсон анхны уугуул америк эмэгтэй боллоо. Тэрбээр Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн, Рио-Ранчо хотын захирагчаар ажиллаж байсан Грегг Халлыг ялсан байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Хааланд 57.2 хувийн санал авчээ.
Деб Хааланд нь Нью-Мексико мужийн Лагуна Пуэбло уугуул иргэдийн бүлгийн гишүүн бөгөөд АНУ-ын улс төрд хэд хэдэн түүхэн амжилт тогтоосон нэгэн юм.
Тэрбээр 2018 онд Шарис Дэвидсийн хамт АНУ-ын Конгресст сонгогдсон анхны уугуул америк гаралтай хоёр эмэгтэйн нэг болсон. Улмаар 2021 онд Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газрын Дотоод хэргийн сайдаар томилогдож, уугуул америк гаралтай анхны эмэгтэй сайд болж байв. Тэрбээр 2025 оны нэгдүгээр сар хүртэл уг албан тушаалыг хашжээ.
Хааланд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амьжиргааны өртгийг бууруулах, хүүхэд хамгааллын тогтолцоог шинэчлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг гол зорилгоо болгосон байна. Мөн мужид томоохон дата төв шинээр байгуулах төслүүдийг хууль эрх зүйн зохицуулалт бий болтол түр зогсоохоо амлажээ.
Тэрбээр сонгуулийн ялалтынхаа дараа АНУ байгуулагдсаны 250 жилийн түүхэнд анх удаа уугуул америк эмэгтэй мужийн захирагчаар сонгогдсоныг онцолсон байна. Деб Хааланд 2027 оны нэгдүгээр сарын 1-нд Нью-Мексико мужийн захирагчийн албан тушаалд орж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Энэхүү сонгууль нь АНУ-ын уугуул иргэдийн улс төрийн төлөөлөл нэмэгдэж буйг харуулсан түүхэн үйл явдал боллоо.
Л.Баяр

















































