Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбатыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд хэн очих вэ гэдэг асуулт олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тэгвэл огцорсон даргын оронд очих тун магадлалтай хоёр хүний нэр яригдаж эхэлжээ. Нэг нь Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа М.Бадамсүрэн нөгөөх нь Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр гэнэ.
М.Бадамсүрэнгийн хувьд МАН гаралтай бөгөөд одоогийн албан тушаалдаа дур мэдэн очсон тул аймгийн намын хороо түүнийг хөөж байжээ. Мөн М.Бадамсүрэн нь төрийн албанд гурван жил болоогүй гэдэг шалтгаанаар аймгийн засаг даргад нэр дэвшээд хасагдаж байжээ. Харин П.Мөнхтөр нь Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн албыг гүйцэтгэдэг. МАН-ын хорооны нэр нөлөө бүхий хүн аж.
Ийнхүү хоёр жил АН, МАН-аараа талцаж хэрэлдсэн Дорнод аймгийхан Засаг даргаа огцруулж санаа амраад араас нь хэнийг томилохоо өдөр, шөнөгүй хэлэлцэж байгаа аж.
Харин үүний үр дүнд Аймгийн бүтээн байгуулалтын ажлууд ард хоцорч энгийн иргэд хохирч үлдэж байгаа юм. Улс төржилтөөс болж урьдах ажлаа урагшуулж чадахгүй байгаа бас нэгэн аймаг бол Дорноговь. Тус аймгийн ИТХ мөн л саяхан засаг дарга П.Ганхуягийгаа огцруулах шийдвэрийг гаргачихлаа. ИТХ нь түүнийг танил талаараа Тамгын газрыг дүүргэсэн, Чөлөөт бүсийн газрыг мөн өөрийнхөө хүмүүст өгсөн гэх мэт хэрэгт буруутгаж байгаа аж. Түүнийг аймгийн Засаг даргаас нь огцруулах эсэх асуудлыг Ч.Сайханбилэг хэрхэн шийдэх нь тодорхой байгаа ч түүний өрөөг аль хэдийн түгжиж, лацадсан байна.
Хүмүүсийн ярьж буйгаар түүний оронд Засаг даргын орлогчоор ажиллаж буй Б.Төмөрхуягийг томилж магадгүй гэнэ. Гэхдээ Ч.Сайханбилэг П.Ганхуягийг ажилд нь үлдээх магадлал тун өндөр байгааг ч албаныхан хэлж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)