Булган аймгийн прокурорын газар нь Сум дундын 4 дүгээр шүүхтэй хамтран “Эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэх, үнэлэхэд анхаарах зарим асуудал, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих ажиллагаа түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид анхаарах асуудал” сэдвийн хүрээнд “Кофе конференци”-ыг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүх хурлын танхимд зохион явуулсан байна.
“Кофе конференци”-д Сум дундын 4 дүгээр шүүхийн шүүгч нар, шүүгчийн туслахууд, Прокурорын газрын прокурорууд, прокурорын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан, Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар оролцжээ.
“Кофе конференци”-оор Сум дундын 4 дүгээр шүүх “2014 онд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрлэлтийн талаар”, “Анхан болон давж заалдах шатны шүүхээс буцсан хэргийн талаар”, орлогч прокурор Г.Эрдэнэбаатар “2014 онд хяналт тавьж ажилласан хэргийн шийдвэрлэлт”-ийн талаар тус тус мэдээлэл хийж, оролцогчидоос хууль хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй асуудал, зарим хэргийн зүйлчлэлийн талаар харилцан ярилцаж санал солилцлоо. Тухайлбал: ЭХ-ийн 106 дугаар зүйлд заасан “өвчтөн” гэдгийг хэрхэн ойлгох, ЭХ-ийн 211 дүгээр зүйлд заасан хохирлын хэмжээнд “ойд учирсан нөхөн төлбөр”-ийг хамааруулж ойлгох эсэх, энэ талаар бусад аймгууд харилцан адилгүй шийдвэрлэж байгаа талаар шүүхийн практик байна гэсэн санал, шүүмжлэлийг өрнүүлж дээрхи хуулийн заалтыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар Улсын Дээд Шүүхэд албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.