Олон нийтийн сүлжээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг жиргээчид нэгдэн нийлж сайн үйлсийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Хүнлэг Монгол” төрийн бус байгууллагатай болох гэнэ. Энэхүү санаачлагыг жиргээч, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлан зохион байгуулсан “Хүнлэг нийгмийн төлөө Хамтдаа” уулзалтанд оролцсон жиргээчид гаргасан байна. Тэд “жиргээчид зүгээр нэг уулзалт хийгээд өнгөрөх биш тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх, тэр дундаа сайн үйлсийг дэмжиж түгээдэг, эхлүүлдэг, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй” хэмээн санал нэгджээ. Тэд мөн анхны уулзтаараа Н.Нандинхүслэн охинд туслах уриалгыг жиргэлээ.
Жиргээчдийн дундаас гарсан бас нэгэн санал нь төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны хүрээнд handiv.mn сайтыг ажиллуулж, нэг талаас сайн үйлс хийх хүсэлтэй байгууллага, хувь хүн, нөгөө талаас хандив тусламж хэрэгтэй болсон хүмүүсийг холбож өгөх ажлыг эхлүүлэхээр болжээ.
Түүнчлэн Хүнлэг нийгмийг бий болгоход нийгэмд юу хийх хэрэгтэй тухай ч ярилцлаа. Юуны өмнө хүн бүр Хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй болж төлөвших хэрэгтэй. Үүнд боловсролын системд оруулах өөрчлөлт чухал гэдгийг онцоллоо. Мөн хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа дэмжих, татвараасс чөлөөлөх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийгэмд чиглэсэн сурталчилгаа явуулах, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлах, хууль эрх зүйн орчиныг сайжруулах зэрэг саналуудыг гаргасан байна.