Сонгуулийн тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн төсөл ч аль хэдийн бэлэн болсон талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлж байна. Тус хуулийг боловсруулах ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд нийт зургаан удаа хуралдаж 40 орчим уулзалт, ярилцлага, таван хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Ингээд нийт 140 орчим саналыг хүлээж авсан байна.
Хэд хэдэн хувилбараар зэрэг бичигдсэн эдгээр төслөөс намууд ойлголцолд хүрчихвэл УИХ хаврын чуулгандаа багтаад Сонгуулийг тухай баталчих төлөвлөгөөтэй байгаа аж. Харин сонгуулийн ямар тогтолцоог сонгох, саналыг гараар давхар тоолж баталгаажуулах уу зэрэг зарчмын шийдэл дээрээ намууд ойлголцох дутуу байгаа юм.
АН-ын хувьд холимог систем буюу 2012 оны сонгуулийн хувилбараа дахин ашиглах нь зүйтэй гэсэн байр сууринд байна. Харин МАН жижиг мажоритар тогтолцоогоор сонгуулийг явуулах саналыг гаргаад байгаа. Энэ саналаа ч тус намын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар өмнө нь мэдэгдсэн.
Харин АН-ын зүгээс жижиг мажоритар системийг дэмжихгүй төлөвтэй байна. Учир нь тус хувилбар нь сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах нөхцлийг бүрдүүлдэг мөн асуудлыг жалга довны өнцгөөс харах хандлагыг бий болгодог гэж үзэж байгаа аж.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн А.Бакей энэ талаар “ Жижигрүүлсэн мажоритар тогтолцоо нь улс орны нийтлэг эрх ашгийг хангахад түвэг удаж мадагүй. Тиймээс шударга бус явдал гаргах бололцоог олгохгүй байх хэрэгтэй. Аль, аль талыг нь бодож зөвшилцөх хэрэгтэй. МАН-ынхан бүлгийн хурлаараа сайтар хэлэлцээд нэгдсэн санал гаргах байх. Тэд тулгарсан том асуудлыг шийднэ гэж Засагт хамтарсан. Тиймээс зөвшилцөлд хүрнэ гэж найдаж байна. Цөөн гишүүний байр сууриар хандахгүй болов уу” гэв.
Харин МАН хариу тайлбарыг юу гэж хийхийг ирэх хаврын чуулганы үеэр тодорхой болох биз ээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (9)