НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Отгонбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-НИТХ-ын ээлжит хуралдаан саяхан болж Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч энэ асуудлаар НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ажлын завсарлага авчихлаа. Ямар шалтгаанаар завсарлага авсан бэ?
-Эвслийнхэн материалтайгаа танилцаагүй гэдэг шалтгаанаар завсарлага авсан. НИТХ-аар хэлэлцэх асуудлуудын танилцуулгыг хурлын дэгийн дагуу гурав хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах ёстой. Гэтэл хоёр хоногийн өмнө тараасан учир эвслийн зарим төлөөлөгч материалтай танилцаж амжаагүй гэсэн үндэслэл хэлж байна лээ. Энэ асуудал бол зөвхөн өнөөдөр яригдаагүй, бүр 2004 оноос улбаатай. Танилцуулга дээр ч олон жил яригдсан тухай тодорхой баримтууд бий. Олон хоногоор уншиж танилцах материал лав тараагдаагүй. Гэвч эвслийн төлөөлөгчид дэгийн дагуу танилцаж амжаагүй гэсэн үндэслэлийг гаргасан учир хурлын дарга дэгээ барьж ажлын тав хоногийн завсарлага өгсөн.
-Нийслэлийн 2015 оны төсөвт тодотгол хийлээ. Энэ тодотголоор төсөвт ямар өөрчлөлтүүд хийв?
-2015 оны төсвийг батлахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрүүд тодорхой бус байсан. Хоёрдугаарт, тодорхой болсон эх үүсвэрүүд нь НИТХ дахь Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болон Засаг даргын мөрийн хөтөлбөр, зорилтот хөтөлбөрийг биелүүлэхэд хангалттай шаардагдах эх үүсвэр болж чадахгүй байсан. Тиймээс бид 2015 оны төсвийн өргөн барьсан тодотгол дээр 2014 оны жилийн эцэс гэхэд нийслэлийн хэмжээнд хэдэн ажил, хэчнээн төгрөг үлдсэн, ямар эх үүсвэр шаардлагатай байгааг эхлээд тодорхой болгосон. Хоёрдугаарт, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын чиглэлээр хийх ажлаа нэмэлтээр төсвийн тодотголоор оруулж ирсэн л дээ.
-Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан төсвийг танах бодлого барьж байгаа. Ийм үед бүтээн байгуулалтын ажилд хэрхэн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн бэ?
-Бид хөрөнгө оруулалт босгох олон аргаас нэгийг нь л ашиглахаар шийдсэн. Энэ бол хувьчлалтай холбоотой орлого болон газрыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж хөрөнгийн эх үүсвэр босгох зарчим юм.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголоор зардлаа танах буюу төсвийн бодлогыг хумьсан. Харин нийслэлийн хувьд томоохон бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийн шинэ эх үүсвэрүүдийг нээх замаар төсвөө тэлэх бодлого баримталж байгаа. Энэ нь нийслэлийн төсвийн тодотголын нэг онцлог, давуу тал болж байгаа юм.
-Газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдсанаар нийслэлийн төсөвт хэчнээн төгрөг төвлөрүүлнэ гэж тооцож байгаа бол. Өмнөх жилүүдэд газрын дуудлага худалдаа хэр эрчимтэй явагдаж байсан бэ?
-Өмнөх жилүүдэд явагдаж байсан газрын дуудлага худалдаа үргэлж луйврын замаар, хаалттай явагдаж иргэдийг бухимдуулдаг байсан. Жишээ нь та нийслэл ямар ямар байрлалд газрын дуудлага худалдаа зохион байгуулж, түүнээсээ хэчнээн төгрөгийн орлого олж байсан тухай баримтыг хайгаад олохгүй байх. Энэ нь 2012 оноос өмнө гэсэн үг. Харин одоо газрын дуудлага худалдааг сонирхсон иргэд, олон нийт, хэвлэлийнхэн болон оролцогчдод бүх мэдээлэл нээлттэй байхаар зохион байгуулж байна. Яагаад ийм итгэлтэй хэлж байна гэвэл саяхан туршиж Авто худалдааны цогцолбор дээр 0.3 га газрыг 39 сая төгрөгөөс дуудаж эхлэхэд эцсийн үнэ нь 560 сая төгрөг болж бараг 14 дахин өссөн. Энэ нь газрыг авах сонирхолтой оролцогч талуудад мэдээлэл нээлттэй байсантай холбоотой. Маргаан ч гараагүй. Үүнтэй холбогдуулан нэг жишээ татъя. Нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй газрыг дуудлага худалдаагаар оруулахад 14 дахин нэмэгдэж 14 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн энгийн тоо байна. Нэг тэрбумыг хэн, ямар үндэслэлээр тогтоож байна вэ гэвэл Засгийн газраас гаргасан тогтоолд үндэслэж газрын үнэлгээ болон дуудлага худалдаатай холбоотой журмаар зохицуулж байгаа юм. Эндээс харахад бид иргэдэд болон хэвлэлийнхэнд нээлттэйгээр газрын дуудлага худалдааг зөв зохион байгуулбал анхны үнээс 10-20 дахин илүү хөрөнгө босгох боломжтой гэж тооцсон. Одоогоор нийслэлийн хэмжээнд 226 га газрыг нээлттэй дуудлага худалдаагаар иргэд, ААН-д худалдахаар НИТХ-аас батлаад байна.
-НИТХ-аар хэд хэдэн объектыг хувьчлах тухай асуудал яригдсан. Тухайлбал Хуримын ордныг хувьчлах асуудал олон нийтийн анхаарлыг багагүй татлаа?
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас оруулж ирсэн хувьчлалын тухай төсөл нэлээд маргаан дагууллаа. Хачирхалтай нь тухайн төсөл төлөөлөгчдийн гар дээр ирэх үед аль хэдийнээ олон нийтийн дунд мэдээлэл тарчихсан, хурал эхлэхээс өмнө тус хувьчлалын асуудал хөндөгдчихсөн байсан. Материал хүлээн авснаас хойш АН-ын бүлгийн ихэнх төлөөлөгч Хуримын ордныг хувьчлах асуудалд эсрэг байр суурьтай байсан. Ингээд бүлгийн хурлын үеэр хасагдах жагсаалтад оруулсан юм. Бас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын спорт заалыг хувьчлах тухай асуудал орсон ч дэмжигдээгүй. Учир нь манай намын бүлэг эрүүл мэнд, спортын чиглэлийн барилга байгууламжийг хувьчлах нь зохимжгүй, цаашид үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж хувьчлалын жагсаалтаас хассан байгаа.
-УИХ 2015 онд зардлаа нэг тэрбум төгрөгөөр танасан. Харин НИТХ зардлаа хэдэн хувиар танасан бэ?
-2015 онд нийслэлийн төсвийн урсгал зардлыг 20 хувиар танаж баталсан. Хэвлэл мэдээллээр энэ талаар сурталчлаагзүй. УИХ-ын Тамгын газрын зардлын хувьд гишүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг хуваарилж ажилладаг. Харин нийслэлийн зардлын хувьд УИХ-ын зардлаас тэс ондоо ойлголт. Нийслэлийн урсгал зардлыг бүхэлд нь 1,3 сая хүнд хүрэх үйлчилгээ гэж ойлгох ёстой. Бид нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал мөн хотын дэд бүтэц, өнгө үзэмжийг сайжруулах үйлчилгээ зэрэг өргөн хүрээний асуудал энэхүү урсгал зардалд хамаардаг. Иймээс урсгал зардлаасаа таналт хийх нь хүндрэлтэй. УИХ-ын Тамгын газар 2015 оны зардлаасаа нэг тэрбум төгрөгийг хаслаа гэдгийг гишүүдийн үйл ажилагааны шатахуун бензинээс багасгаж хасч байна гэж ойлгосон. Гэтэл нийслэл зардлаа таналаа гээд гал командын машины бензинийг хасах уу, аль эсвэл түргэн тусламжийн авто машины бензинийг хасах уу. Энэ бол зарчмын хувьд өөр өөр асуудал. Үүнийг иргэд ч зөвөөр ойлгох ёстой.
-Нийслэлийн төсвийн тодотголд зайлшгүй багтах ёстой байсан ямар асуудал гадуур нь үлдэж хоцров?
-Бид 2012 оноос өмнө ч тэр, одоо ч тэр ихэвчлэн бүтээн байгуулалт, хотын дэд бүтэц зэрэг материаллаг биет зүйлсэд хөрөнгө оруулалт хийж ирсэн. Гэтэл эдгээр барилгуудад хэн ажиллаж, хэн амьдрах вэ, ямар үйлчилгээ явагдах талаар тодорхойгүй үлдээд байна л даа. Ер нь нийслэл гэлтгүй улсын хэмжээнд орхигдоод байгаа зүйл бол иргэд рүү хандсан үйлчилгээ. Тухайлбал хүүхдэд чиглэсэн асуудал. Насанд хүрсэн хүн үйлчилгээгээ авч чаддаг. Архи уугаад согтоход эрүүлжүүлэхэд очоод эрхээ хамгаалуулдаг. Тэгвэл хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд гэрээсээ зугтахад хаана очих вэ. Тэд орц, гудамж, траншейнд хонож байна. Халамжийн төвд очдог гэж зарим хүн хэлж магадгүй. Уучлаарай, халамжийн төвд очихын тулд наад зах нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээ гээд гудамжнаас тус төвд очих хүртэл маш олон шат дамжлага дамжих хэрэгтэй болдог. Энэ шат дамжлагыг хэрэгжүүлэх үйлчилгээний төв манайд байдаггүй. Хуучин ЦЕГ-ын дэргэд Хүүхдийн хаяг тогтоох төв гэж байсан бол одоо татан буугдсан байх жишээтэй. Гэтэл энэ төвийг ажиллаж байгаа мэтээр зарим хүмүүс ойлгож байгаа байх. Үндсэн хууль гээд эхлээд том том хууль заалт ярихын оронд Нийслэл ядаж Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах журам, бодлогын баримт бичиг батлаад нэн даруй мөрдөж ажиллах хэрэгтэй байна. Гэтэл сая Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс хүүхэд хамгааллын үйлчилгээний журам боловсруулаад төсвийн тодотголд тусгуулах гэсэн боловч жишиг зардлыг өгч чадахгүй гээд Удирдлагын зөвлөлийн хурлаас хассан сураг байгаа. Үнэхээр харамсалтай. Бид өнөөдөр өсвөр үеэ хамгаалахгүй бол ирээдүйд ямар иргэдтэй болох вэ гэдгийг бүх төвшний албан тушаалтнууд мэдэж байгаа хэрнээ яагаад дургүйцдэг юм бол. Зөвхөн албан тушаалтан гэлтгүй иргэн бүр үүнийг ярих , анхаарах хэрэгтэй байна.
-Хүүхэд хамгааллын үйлчилгээний журмын төсвийг яагаад дэмжсэнгүй вэ?
-Үүнийг дэмжихгүй гэж эсрэг санал өгсөн дарга нар, албан тушаалтнаас асуугаарай. Мөнгөгүй гэсэн шалтгаанаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар огт дэмжээгүй. Төсвийн тодотголд багтаж чадалгүй НИТХ ээлжит хурлын хэлэцэх асуудлаас хасагдсан шүү дээ. 2014 оны байдлаар нийслэлд 24 хүүхэд тогтмол гудамжинд амьдарч байна. 394 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл болон амьжиргааны төвшнөөс шалтгаалан гэрээсээ зугтаж байна. 14 охин хамаатан садан болон гадны хүнд хүчирхийлүүлсэн гээд ил байгаа тоо баримтыг дурдаж болно. Эдгээр хүүхдэд анхан шатны нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх төв Улаанбаатар хотод байхгүй. Хоёрдугаар сарын сүүлээр л гэхэд дөрөвхөн настай бяцхан охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Магадгүй дахиад ч ийм тохиолдол гарч болзошгүй. Алийн болгон ийм хэмжээнд хүртэл харж суух юм. Одоо л таслан зогсоох, урьдчилан сэргийлэа ажил үлдээд байна гэдгийг зориуд хэлмээр байна.
-Тэгэхээр нийслэл хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ч төсөв мөнгө зарцуулдаггүй гэсэн үг үү?
-Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар есөн дүүрэгт Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдтэй. Гэхдээ нийслэлээс зөвхөн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн төсвийг олгодог. Энэ нь дунджаар нэг төвд жилийн 130 сая төгрөг төсөвлөдөг гэсэн үг. Гэхдээ энэ мөнгийг зөвхөн урсгал зардалд зарцуулж байна. Өөрөөр хэлбэл хүүхэд хамгаалах үйлчилгээнд зарцуулах ямар ч төсөв байхгүй гэсэн үг. Үүнийг шийдвэрлэх тодорхой журам, хөтөлбөр бодлогын баримт бичиг үгүйлэгдэж байгаа нь үнэн.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
С.ОТГОНСҮРЭН
Сэтгэгдэл (5)