"Рио Тинто" группын гүйцэтгэх захирал Сэм Уолш монголд ирээд буцсанаас хойш гурав хоногийн дараа Оюутолгойн татварын маргааныг шийдвэрлэх зарчмыг олсон хэмээн барууны хэвлэлүүд мэдээллээ.
“Ройтерс” агентлагийн бичсэнээр Монголын засгийн газрын нэрээ нууцлахыг хүссэн томоохон албан тушаалтан энэхүү мэдээллийг өгсөн байна. Тэрээр “Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” групп татварын орчин, татвар тооцох аргачлалыг тойрсон үл ойлголцол, асуулдыг шийдвэрлэсэн” хэмээн ярьсан байна.
Оюутолгой төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын явцад татвар дутуу төлсөн хэмээн Татварын ерөнхий газар өнгөрсөн зургаадугаар сард “Оюутолгой”-д 127 сая ам.долларын акт тавьсан. Улмаар ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс түүнийг 30 сая ам.доллар болгож бууруулаад байсан билээ.
Гэхдээ Сэм Уолш монголд ирэхийнхээ өмнөхөн “Рио Тинто” болон “Туркойз хилл ресурс” компанийн зүгээс татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд маргаан шийдэгдэхгүй бол олон улсын Арбитрын шүүхэд хандана гэж мэдэгдсэн юм.
Инйхүү дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Оюутолгой төслийн татварын маргааныг шийдэх зарчим батлагдсан тухай мэдээлэл цацагдсаны дараа "Рио Тинто" группын хувьцаа 1.9 хувиар өссөн байна.
Гүйцэтгэх захирал Сэм Уолш монголд ирэхдээ ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан бус уулзалт хийсэн гэх мэдээлэл байна. Энэхүү уулзалтаар татварын асуудлыг шийдвэрлэх болон төслийг гацаанд оруулж буй хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг ярьсан гэж хардаж байгаа юм. Гэтэл өчигдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр Засгийн газрын ээлжит хуралдааны талаар мэдээлэл хийх үеэрээ энэхүү мэдээллийг үгүйсгэсэн юм. Тэрээр “Дээрх мэдээллүүд үндэслэлгүй. Оюутолгойн хэлэлцээний хүрээнд Ажлын хэсгийн уулзалтууд л болж байгаа. Ерөнхий сайд эл асуудлаар тусгайлсан уулзалт хийж, Засгийн газрын түвшинд мэдээлж, танилцуулсан зүйл үгүй” хэмээн мэдэгдлээ.
Гэвч Сэм Уолш ерөнхий сайдтай уулзсан гэдгийг өнөөгийн байдал бүгд баталж байна. Нэгдүгээрт, Монголын тал татварын маргааныг шийдвэрлэх зарчим баталсан тухай огт мэдээлэл гарахгүй нууцалж байна. Зөвхөн гадаадын хэвлэл энэ асуудлыг хөнджээ. Хоёрдугаарт, хэрвээ тэд уулзаагүй бол Сэм Уолш татварын асуудлаар Арбитрын шүүхэд хандана гэсэн байр сууриа илэрхийлэнгүүт уг маргааныг шийдвэрлэх зарчмыг Монголын тал ганцаараа хэлэлцэж батлах боломжгүй юм. Үүнээс гадна Оюутолгойн ТУЗ-ийн Монголын талын зарим гишүүд энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Эдгээр нь Сэм Уолш, Ч.Сайханбилэг нар маш нууц уулзалт хийсэн гэдгийг баталж байна. Гэвч албан бус уулзалтыг нууцалж буй шалтгаан нь нийтлэлийн гарчигаар тодорхойлогдож болох юм.
Д.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (24)