Хууль бус шийдвэр гаргаж иргэдийг хохироосон хэмээн Хотын дарга Э.Бат-Үүлийг шүүхэд өгөхөө ШӨХТГ-аас мэдэгсдэн. Шүүхэд өгөх хугацаа өнөөдөр. Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдөр Хотын дарга Э.Бат-Үүлийг шүүхэд өгөх гэж байгаа гэсэн. Энэ талаар?
-ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу ИТХ, Засаг даргын шийдвэрийг шалгах, зөрчлийг арилгуулах, захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй. Жирийн иргэдэд хууль үйлчилдэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэггүй байж таарахгүй. Нийслэлийн шийдвэр гаргагчид зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй, иргэдэд учруулсан хохирлоо барагдуулахгүй байгаа тул ШӨХТГ хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд өгч байна.
-Автомашин зөөж шилжүүлэх ажиллааг үргэлжүүлж байгаа талаар албаныхан мэдээлээд байна. Үүн дээр ямар байр суурьтай байна?
-Автомашин зөөж шилжүүлэх төлбөрийг ЦЕГ-ын дарга 55,000 байхаар тогтоосны дагуу зөөж шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Гагцхүү үүнийг хуулийн дагуу хийх ёстой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журамд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын байцаагч зөөж шилжүүлэх шийдвэр гаргана, ингэхдээ автомашины гадна талд үзлэг хийнэ гэж заасан байгаа. Ачигч компаниуд асуудалд хэтэрхий ашгийн төлөөх сэтгэлгээгээр хандаж, хүнтэй байхад нь зөөх, автомашинд гэмтэл учруулах зэргээр иргэдийг хохироох явдал байгаа тул улсын байцаагчийн шийдвэрээр үзлэг хийсний дараа зөөж шилжүүлэх ёстой.
-Хэчнээн жолооч хэдэн төгрөгөөр хохироод байгаа вэ?
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16.4.6 дэх заалт, Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журамд заасны дагуу ЦЕГ-ын дарга зөөж шилжүүлэх төлбөрийг тогтоох эрхтэй байтал Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, хууль бус захирамж гаргасны улмаас 9230 жолоочийг 70-80,000 төгрөгөөр торгож нийт 647,7 сая төгрөгөөр хохироосон.
НИТХТ-ийн хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан байхад дугуй түгжихээр журам гаргаж хуулиас өөр зохицуулалт хийсэн нь хууль бус болж, нийт 11746 жолооч иргэдийг 234,9 сая төгрөгөөр хуульд заагаагүй үндэслэлээр торгож хохироосон.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)