Гамшгийн хэмжээнд хүртлээ галд автсан Түмэнцогт сумын түүх, байгаль, газар зүйн онцлогийн талаар танилцуулъя.
Сайд нарын Зөвлөлийн 1954 оны 180 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Тамсагбулаг гэдэг газарт нарийвтар ноост хоньүржүүлэх Тамсагбулагийн САА-г байгуулсан нь Түмэнцогт сумын үндэс суурь болжээ.
Улмаар 1960 оны нэгдүгээр сард Сайд нарын Зөвлөлийн 19 дүгээр тогтоолоор Тамсагбулагийн САА нь Сүхбаатар аймгийн Хан Хөхий уулын өвөрт Хар ямаатын гянт болдын уурхайн суурин дээр шилжин суурьшсан байна. Ингээд 1972 оноос газар тариалангаас гадна нутгийн шилмэлүхэр үржүүлэх болсноор мал аж ахуй, газар тариалан хосолсон аж ахуйтай болжээ. Харин 1978 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр сумын төвийг тохижуулж соёлын төв, 110 айлын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байр, эмнэлэг бүхий орчин үеийн тохилог суурин болон хөгжжээ.
Түмэнцогт сум нь 250 мянган га нутаг дэвсгэртэй юм. Тус суманд Монгол догор, алтан гагнуур, гүйлс, зэрлэг сармис, гандигар, бамбай, бонго, хайч өвс, бор хус, улиангар, хайлаас, монос, үрэл долоогоно, тэхийн шээг, нохойн хошуу, гүйлс, яшил зэрэг 400 гаруй зүйл ургамлаас 80 орчим эмийн ургамал ургадаг байна. Харин Инээдэг хад, Арслан хад, Жамбалнавгийн агуйболон төгөл ой зэрэг үзэсгэлэнт байгал Түмэнцогт, Хар Ямаатын ууланд байдаг аж. Сумын хойт талаар Хэрлэн гол 20 гаруй км-т урсдаг бөгөөд хурын усаар тэтгэгддэг арваад нуур, дөрвөн булагтай. Дорнод талын махны хэвшлийн улаан үхэр өсгөн үржүүлдэг. Газар тариаланд тохиромжтой 10 мянган га эргэлтийн талбайтай.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)