Орхон аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөл ээлжит хуралдаанаа хийж, ажлаа дүгнэхийн зэрэгцээ бүтэц, зохион байгуулалтаа шинэчиллээ.
Нийт 80 гаруй албан ёсны гишүүнтэй, Монголын сэтгүүлзүйн томоохон салбарын хуралдаанд 60 гаруй гишүүд нь ирж, идэвхитэй оролцсон юм.
Хуралдааны эхэнд тус салбарын тэргүүн Б.Баттогтох ажлынхаа тайланг танилцуулсан. Түүний тайлан, мэдээллийн дараа асуулт, санал бодол үргэлжилсэн юм. Ямартаа ч энэ салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дийлэнх гишүүд хангалттай гэсэн үнэлгээ өгснийг энд дурьдах нь зүйтэй. Ийнхүү ажлын үр дүн, тайлан хэлэлцсэний дараа бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэх, шинэ тэргүүн, дэд тэргүүнээ сонгох асуудалд хурлын дэгийн дагуу шилжсэн.
Орхон аймгийн МСНЭ-ийн салбарын тэргүүнд Залуу уран бүтээлчдийн холбооны тэргүүн Б.Галбаатар, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн мэдээллийн албаны дэд дарга Ж.Оюун нар нэр дэвшиж, санал хураалт явагдлаа. Ингээд салбарын тэргүүнд олонхийн саналаар Ж.Оюун сонгогдож, өмнөх тэргүүн Б.Баттогтохоос тамга тэмдэгээ гардан авсан.
Дэд тэргүүнд дөрвөн хүн нэр дэвшин өрсөлдснөөс Залуу уран бүтээлчдийн холбооны тэргүүн Б.Галбаатар үнэмлэхүй олонхийн санал авч, уран бүтээлчдийнхээ итгэлийг хүлээлээ.