Хууль сахиулахын их сургуулийн албан хаагч, сонсогчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужил, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилгоор Марш, тусгай бэлтгэлийн тэмцээнийг 04 дүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Гүнжийн хоолойн аманд байрлах их сургуулийн сургалт, дадлага, бэлтгэлийн төвд амжилттай зохион байгуулав.
Тус тэмцээнд Хууль сахиулахын их сургуулийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, алба, нэгжүүдээс албан хаагчдын 13 баг оролцсон ба сургууль тус бүрээс сонсогчдын нийт 10 баг оролцож хурд хүч, авьяас чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаараа өрсөлдлөө. Тэмцээнд оролцсон сонсогчдын багууд жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт дасгал нормативуудыг үзүүлж сонирхуулахаас гадна 10 километр маршийн замыг туулсан.
Энэхүү тэмцээнд их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав болон захирлын зөвлөлийн гишүүд, их сургуулийн нийт албан хаагч сонсогчид оролцсон.
Марш, тусгай бэлтгэлийн тэмцээний сонсогчдын ангилалд дамжааны захирагч багш, цагдаагийн ахлах дэслэгч А.Бямбаноров ахлагчтай Цагдаагийн сургуулийн баг тамирчид бусдыгаа хошуучлан тэргүүн байр эзэлж, цом, алтан медалиар шагнуулсан бол хоёрдугаар байрт дамжааны захирагч багш, ахмад Т.Ганпүрэв ахлагчтай Ахлагчийн сургуулийн нэгдүгээр баг шалгарч, гуравдугаар байрт дамжааны захирагч багш, дэслэгч П.Насанжаргал ахлагчтай Ахлагчийн сургуулийн хоёрдугаар баг шалгарч цом, медалиар шагнууллаа.
Мөн албан хаагчдын дунд зохион байгуулсан маршийн тэмцээний тэргүүн байрт Ахлагчийн сургуулийн баг шалгарсан бол хоёрдугаар байрт Санхүү, хангамж үйлчилгээний баг, гуравдугаар байрт Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн баг шалгарсан.
Тус тэмцээний үеэр дадлага хийх явцдаа эр зориг гарган гурван хүний амь нас, эд хөрөнгийг галаас аварч, нийгмийн хариуцлагаа ухамсарласан Онцгой байдлын сургуулийн сонсогч Б.Пүрэвдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав гардуулж баяр хүргэлээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/