Хөлс, хүч, тэсвэр тэвчээр, санаачлага самбааны “үнэр”
Жил бүр зохиогддог Марш, тусгай бэлтгэлийн тэмцээн ширүүхэн хийгээд сонирхол татахуйц болдогийг үзсэн хүн л мэдэрмээр. Шинэхэн сонсогч, туршлагатай алба хаагчдын асар их хөдөлмөр, бэлтгэл сургуулилтын үр дүн нэг өдөр эрч хүч, догдлол, үүрэг хариуцлагатайгаар эхэлж эцэж цуцахгүй давшсаны эцэст зорилгодоо хүрэх тэр агшин. Хууль, хүчний хүн болохоор бэлтгэгдэж буй сонсогчид ямар их зүйл сурч мэдэж, ямар их тэсвэр тэвчээртэй болдогийг тэрхэн үед л харж чадах юм шиг. Адаглаад нөхдөө гэсэн сэтгэл, баг хамт олноороо хичээж зүтгэх, амиа хичээсэн давшингүй үзлийг няц дарах хийгээд эр бяр, тэсвэр тэвчээр, авьяас хөдөлмөр гээд бүгдийг сурах нөхцлийг бий болгожээ.
Тэмцээнийг үзэж сонирхож яваа хөндлөнгийн хүн ахыгаа, дүүгээ, найзыгаа уг албуудад суралцаасай гэж хүсмээр тийм л "хөлс, хүч, тэсвэр тэвчээр, санаачлага самбаа" үнэртсэн өрсөлдөөн болдог гэдгийг нуух юун.
Энэ жилийн тухайд өмнөх жилүүдийг бодвол дасгал нормативаа хөнгөрүүлсэн байв. 30 метрийн гүйлт 10 метрийн гүйлтээр тооцогджээ.
Улмаар цэг, цэг дээр байрших даваа нугачаа ч өнгөрсөн жилүүдээс хөнгөн болсон нь харагдаж байв. Гэвч харахад хөнгөн уг тэмцээн багагүй чадвар шаардах нь тодорхой.
Манай сурвалжлах баг сонсогчдын жагсаалын үзүүлэх тоглолтоос эхлээд цэг цэгийн даваа нугачааг туулаад ирэх тэр агшин хүртэл буюу тэмцээний турш хамт байв.
-Анги ангиараа ижилсэн хувцасласан цэргүүд, армийн зориулалттай майхан асраар дүүрчээ-
Гачууртын энгэрт орших Гүнжийн хоолойн аманд анги ангиараа ижилсэн хувцасласан цэргүүд, армийн зориулалттай майхан асраар дүүрчээ.
Тал бүрт жагссан сонсогч цэргүүд бүрээн дуунаар төв талбайд цугларснаар Хууль сахиу-лахын их сургуулийн энэ оны марш тактикийн тэмцээн эхлэв. Тэмцээнийг ХСИС-ын харьяа ахлагчийн сургуулийн нэгдүгээр баг эхлүүлэв. Үүний дараа Онцгой байдлын баг, Хилийн сургуулийн баг, Шүүх шинжилгээний багуудаар үргэлжлэв. Дор бүрнээ хариуцлага өвөртөлсөн сонсогчдыг шүүгчид, сонирхогчид, хөгжөөн дэмжигчид, алба хаагчид, дарга удирдлагууд хийгээд багш, дасгалжуулагчид нь толидоно.
Алдаа гаргасан сонсогч баг хамт олныхоо оноог чангаах учир их л няхуур үзэхгүй бол болохгүй. Тиймээс ч сонсогчид дор бүрнээ хичээж, бусдадаа туслаж тэмцээнээ үргэлжлүүлж байв.
-Марш тактикийн тэмцээн ирээдүйн албан хаагчдын өнгийг тодорхойлдог-
Хууль сахиулахын их сургууль бол манай улсын хууль сахиулах албаны боловсон хүчинг дангаараа бэлтгэдэг. Энэ ч утгаараа жил бүр зохион байгуулдаг марш тактикийн тэмцээн нь манай улсын хууль сахиулах байгууллагын ирээдүйн албан хаагчдын өнгийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй.
Тэмцээнд энэ жил найман сургуулиас сонсогчдын 10 баг, алба хаагчдын 13 баг оролцохоор 14 хоногийн турш бэлтгэлээ базаажээ. Сонсогчид, сорилтын гурван цэгт 12 дасгал, нормативыг гүйцэтгэв. Харин 10 км-ийн зайд маршид гүйхдээ дөрвөн цэгийн мөн л 12 дасгалыг гүйцэтгэсэн юм.
Сугалаа ёсоор жагсаалын үзүүлбэрийг Ахлагчийн сургууль, Онцгой байдлын сургууль, Хилийн сургуулийн нэгдүгээр багууд гүйцэтгэв. Жагсаалын үзүүлбэрийн дараа гардан тулаан, хувцас хэрэглэлээ түргэн өмсөх, буудлага хийх тэмцээн болов. Ялангуяа эр зориг шаардсан гардан тулааны үзүүлбэрийг багууд амжилттай үзүүлж байв. Энэ жилийн хувьд дасгал, нормативаа гүйцэтгэж байгаагаараа бүхий л сургуулийнхан өнгөтэй байгааг багш, офицерууд онцолсон. Үүний дотор багш, офицеруудаасаа нэлээн өндөр оноог авсан сүйхээтэй сонсогчид ч байв.
Ямар ч газар баг хамт олноо удирдаж, манлайлсан, хийж байгаа зүйлээрээ үлгэр дуурайлал үзүүлсэн хүн гэж байдаг. Тэгвэл сонсогчид дунд ч шамтарч, цуцдаггүй эрэлхэг дайчин, бусдыгаа манлайлсан цэргүүд байсныг энд дурдах нь зүйтэй биз ээ.
Сонсогчид нэлээн “адал явдал”-ыг туулсаны эцэст барианд орно
Талбайн үзүүлбэрээ гүйцэтгэсэн багийн дараагийн дасгал 10 км маршид гүйх юм. Манай сурвалжлах баг 10 км-т гүйж буй багийн хамт дараагийн талбайд зочлов. Тэнд түргэн тусламж хэрхэн үзүүлэх, яаралтай үед албаны машинд хэрхэн сууж буух хийгээд торон доогуур бүрдрэлгүй мөлхөх зэрэг “адал явдлууд” хүлээж байв.
Цуцалт гэдгийг мэрдрэхгүй гүйж буй цэргүүд энэ л даваануудыг замдаа амжилттай туулж байж барианд орох ёстой. Нүүр нь минчийтэл улайсан, хөлс нь бурзайтал гарсан, нэг нэгнийгээ дайчилсан сонсогчдод цаг хором, алдаа гаргахгүй байх гэдэг хамгийн чухал.
Ахлагчийн сургуулийн нэгдүгээр баг маршийг эхлүүлэв. Тэд хоёр км гүйж гранат шидэх эхний даалгаврыг гүйцэтгэх юм. Сонсогчид эхний даалгавраа торох юмгүй хурдан гүйцэтгээд дараагийн цэг рүү гүйнэ. Таван км орчим гүйсэн сонсогчдын дараагийн даалгавар шархадсан цэргүүдэд туслах байв. Сонсогчдын дасгал гүйцэтгэх цэгийг цагаан чулуугаар тойруулан хиллэсэн бөгөөд цэг дотор сонсогчдыг дасгалаа хийхэд шаардлагатай эмнэлгийн болон яаралтай тусламжийн хэрэгсэл өрөөстэй харагдана. Ширээн дээр тэдэнд зориулж бэлдсэн цаас бий. Сонсогчид “Баруун нүд гэмтсэн” гэх даалгаврын дагуу шархадсан цэрэгт анхны тусламж үзүүлэн үлдсэн замаа туулахаар гүйцгээв. Гурав дахь цэгт химийн хорт утаатай даалгавар тэднийг хүлээж байна. Тэд хорт утааны багийг зориулалтын дагуу өмсч тайлснаар дараагийн цэг рүү гүйнэ. 10 км гүйсэн сонсогчид торон саад доогуур мөлхсөнөөр барианд хүрэв.
Ийнхүү хоцрох эрхгүй сонсогчидтой хамт бидний хэсэг нөхөд багагүй цагийг өнгөрөөв.
Энэ үеэр жил ирэх тусам марш тактикт оролцогч сонсогчдын ур чадвар ахиж байгаа гэдгийг шүүгчид онцолж байв.
Тэмцээний эцсийн шатанд мэдээж аваргуудаа шалгаруулна. Сонсогчдын хувьд тэсэн ядан хүлээдэг мөч. Аваргын цомоо нэгээр нэмнэ гэдэг тэдэнд алдаж болохгүй ховорхон агшин.
-Цагдаагийн сургуулийнхан тэргүүлэв-
Сонсогчдын марш, тусгай бэлтгэлийн тэмцээнд ахлах дэслэгч А.Бямбаноров ахлагчтай Цагдаагийн сургуулийн баг тэргүүлсэн юм. Харин хоёрдугаар байранд дамжааны захирагч багш, ахмад Т.Ганпүрэвийн ахалсан Ахлагчийн сургуулийн нэгдүгээр баг, гуравдугаарт дамжааны захирагч багш, дэслэгч П.Насанжаргал ахлагчтай Ахлагчийн сургуулийн хоёрдугаар баг шалгарав.
Ийнхүү бүрээн дуу хангинаснаар Гүнжийн хоолойн аманд Хууль сахиулахын их сургуулийн марш цугларалт өндөрлөлөө. Хөлсөндөө түлэгдэж халтартсан зоригт хөвгүүд, эх эцгийнхээ өврөөс гараад эд хавиа гайхуулж яваа шинэхэн сонсогчид, эгэлгүй их туршлагаа харамгүй түгээж буй алба хаагчид баяртай, хөөртэй, бас нэгэн шинэ түүхтэй тэмцээнээ ийн өндөрлүүллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)