Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй этгээдийг эмнэлэгт эрүүлжүүлж буй нь эмч, сувилагчдад төдийгүй өвчтөнүүдэд дарамт болж буйг иргэд ярьж байгаа.
2013 онд дэлхийн жишигт нийцүүлж байгаа нь энэ гээд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуульд зааснаар согтуучуудыг дүүргүүдийн эмнэлэгт хүргэх болсон нь эмнэлгийн төсөвт ч ачаалал үүсгэж байгааг эмнэлгийн мэргэжилтнүүд гомдоллож байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба дээрх хуульд өөрчлөлт оруулж эмнэлгүүд согтуу хүн хүлээн авдгийг болиулахаа мэдэгдэж, яамнаас энэ тухай албан бичгийг Хууль зүйн яаманд илгээсэн. Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав түүний хүсэлтийг хүлээн авч уг асуудлыг цэгцлэхээр болсон байна.
Тэрбээр “Сайд нарын цаг”-т оролцох үеэрээ “Согтуу хүмүүсийг эмнэлэгт биш, эрүүлжүүлэхэд аваачдаг болно” гэж хэлсэн юм. Түүний энэ үг эмнэлгийн ажилчдад хүлээлт үүсгээд байна. Хууль зүйн сайд Д.Дорлигжав шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд согтуу хүнийг буцаагаад цагдаагийн байгууллага хариуцдаг болох тухай заалтыг оруулж өгч байгаа аж. Эмнэлэгт согтуу хүн байрлуулах хамгаалалт байхгүй. Мөн өвчтөнүүдийн эрхийг зөрчдөг гэх мэт асуудлууд өнгөрсөн өвлөөс хойш хэл, ам таталж буй.
Ямартай ч Д.Дорлигжав сайд Х.Тэмүүжиний гаргасан шийдвэрийг удахгүй өөрчлөх нь.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)