Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа бөгөөд тус эвслийн Тавдугаар бага хурал Төрийн ордонд болж байна. Бага хуралд Эстони Улсын Гадаад хэргийн дэд сайд, АНУ-ын Туслах ТНБД зэрэг өндөр албан тушаалтнууд, Google, Facebook, twitter, linkedn, Mozilla зэрэг мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэгч компаниуд, ЮНИСЕФ, ЮНЕСКО, Азийн сан, Амнести Интернэйшл, “Human Rights Watch”, “Digital Partners Global” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл бүхий 70 гаруй орны 400 гаруй төлөөлөгч оролцож байна.
“Интернэтийн бодлого, Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн хүрээнд өрнөж байгаа хурлыг нээж Монгол Улсын Гадаад хэргийн сайд үг хэлэв.
Тэрээр Монгол Улс нээлттэй бодлого явуулдаг орны хувьд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилтын хүрээнд онлайн эрх чөлөөг дэмжин ажиллаж байгааг онцолж, ардчилал гэдэг бол зөвхөн сонгууль өгөх эрхээр хязгаарлагдах бус өдөр тутмын амьдралдаа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангагдах учиртайг цохон тэмдэглэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бага хуралд оролцож үг хэлэхдээ монголчууд эртнээс мэдээлэл олж авах эрхийг дээдэлдэг, холын зочноос сонин сайхан сонсохоос эхлээд мэдээллийн эрин зуунд ч хөл нийлүүлэн алхаж байгааг онцлон дурдаж, олон улсын хэмжээнд онлайн эрх чөлөөг дэмжих чиглэлээр бусад улс орнуудтай хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгааг онцоллоо.
Цахим ертөнцийн акулууд гэгддэг АНУ-ын Крис Пэйнтер, ХБНГУ-ын Норверт Рэйдел болон Станфордын их сургуулийн профессор Ларри Даймонд зэрэг алдартнууд оролцож байгаа нь олон улсын анхаарлыг манай улсад татах гол хүчин зүйл болж байна.
Нэмж хэлэхэд уг хурал нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг ялангуяа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх, нэр төр, хувийн нууцаа сахин хамгаалах, нийгмийн амьдралд оролцох эрхийг цахим орчинд хамгаалах, баталгаажуулах, интернэтийн найдвартай, хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилгын үүднээс зохион байгуулагддаг юм.
Сэтгэгдэл (1)