Монгол Улсад байгаа хорих ангиудад ном хандивлах зорилгоор “Итгэл сэтгэлийн гүүр” сангаас “Харанхуйн гэрэл” номын хандивийн аяныг өрнүүлж байна.
Тус аяныг эхлүүлж зохиолч С.Билигсайхан 146 ширхэг утга уран зохиолын ном хандивлажээ. Энэ сарын 16-нд эхэлсэн тус аян нь хоёр сар үргэлжлэх аж.
Аяны хүрээнд ямар ч номыг хүлээн авах ба хүүхдийн хорих анги, эмэгтэйчүүдийн хорих анги, эрэгтэйчүүдийн хорих анги гэж ангилж явуулах юм байна. Хорих ангиудад ял эдлэж байгаа хүмүүс хэрэв ном унших юм бол ял шийтгэлээс нь хоногоор хасагддаг журамтай юм байна.
Тэгэхээр ном хандивласнаараа тэдний оюунд хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй тэдний хичээл зүтгэлийг үнэлэх боломжтой болж, мөн элэг бүтэн амьдрах хугацааг нь нэмж маш том буян хийж буй хэрэг юм хэмээн зохион байгуулагчид уриалж байна. Мөн долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр Ялалтын талбайд албан ёсоор номнуудаа хүлээн авч байхаар болжээ.
Бусад өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт буюу 17-р сургуулийн чанх ард “Хантайшир” сургуулийн байранд хүлээн авах бөгөөд авч ирж өгөх боломжгүй хүмүүсээс очиж авах юм байна. Түүнчлэн “Итгэл сэтгэлийн гүүр сан” гэх цахим хаягаар ч холбогдож болохаж.