Өчигдөр эхэлсэн "АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” хурал өнөөдөр үргэлжилж байна.
Сэргээгдэх эрчим хүчний хувьд манай улс 13 тераватт цагийн нөөцтэй. Байгалийн нөөц шавхагдашгүй учраас эрчим хүчийг нар, салхинаас авах боломж руу олон улс дөтөлж байна. Тэгвэл өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний гишүүн улс орнуудын мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар хэлэлцлээ.
“Корпорейт” зочид буудлын хурлын танхимд эхэлсэн “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хуралд Ази-Европын уулзалтын гишүүн орны нийт 100 орчим төлөөлөгч оролцож байна. Олон улсын хурлыг Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй юм.
Манай улсын хувьд эдийн засгийн өсөлт, хотжилт, уул уурхайн салбарын хөгжлийг дагаад цахилгаан, дулааны хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсэн. Энэхүү тэлсэн хэрэгцээг дийлэхгүйгээс болж импортын цахилгааны хэмжээ сүүлийн дөрвөн жилд 4 дахин нэмэгдсэн байна. Зөвхөн ОХУ-аас авах импортын цахилгааны хэмжээ сүүлийн 4 жил гурав дахин өсчээ. 2016-2020 онд манай улсын эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо судалгааг мэргэжилтнүүд гаргасан байна. Тиймээс өсөн нэмэгдэж буй энэхүү хэрэглээг хангах, эрчим хүчний хямралаас гарах нэг гарц бол сэргээгдэх эрчим хүч гэдгийг төлөөлөгчид тодотголоо. Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техник, технологийг сайжруулахад Засгийн газар, хувийн хэвшил, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын оролцоо чухал аж.
Тиймээс "АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурлын гол агуулга судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэхэд чиглэж байна. Тухайлбал Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрх зүйн орчныг сайжруулах үүднээс Засгийн газар, холбогдох оролцогч талууд болон олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байгаа аж. Мөн Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх, Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох юм байна. Эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг сайжруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад өртөг багатай, байгаль орчинд ээлтэй техник, технологи ашиглахыг дэмжиж ажиллах нь чухал гэдэгт оролцогсод санал нэгдэв. Түүнчлэн энэ үеэр хөгжиж буй улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд тулгарсан асуудал, бэрхшээлүүд болон боломжуудыг хянаж шинжлэх, үндэсний, бүс нутгийн түвшинд бодлого боловсруулах, стратегийн зохицуулалтыг дэмжих зөвлөмжийг хэлэлцлээ.
Т.Энхэлээ