10 хүний 8-ын нуруу нь ямар нэг хэмжээгээр өвддөг. Энэ бол суугаа нийгмийн өвчин юм.
Зөв арчилж чадвал хүний бие яг л сайн тосолсон машин шиг саадгүй ажилладаг. Үе мөч, булчингуудыг зүрх хэмээх мотор сайтар жолоодно. Харин зөв арчлахгүй бол машины аль нэг эд анги эвдэрч, гэмтэж, өвтгөдөг. Ялангуяа ачаалал их авдаг бидний биеийн хэсгүүд илүү эмзэг гэдгийг дурдах хэрэгтэй. Тэдний дундаас ачааны хүндийг авагч нуруу хамгийн эмзэг нь.
10 хүний 8-ын нуруу нь ямар нэг хэмжээгээр өвддөг болжээ. Тэгэхээс ч аргагүй. Бид зурагт үзээд сууж байхдаа ч, ажлаа хийгээд сууж байхдаа ч нуруун дээрээ маш их хэмжээний ачааллыг өгдөг. Юу ч хийж байсан, бидний сээр нуруу их биеийн хийж буй үйлдэл бүрийг дэмжиж түшдэг. Сээр нуруу бол төв мэдрэлийн системд үйлчилдэг 31 хос мэдрэлийн эрүүл саруул байдлыг давхар хариуцдаг.
Сээр нуруу нь хоорондоо барьцалдсан 24 сэртэнгээс бүтдэг. Тэдгээрийг хооронд нь шөрмөс холбодог. Сэртэнгүүдийг бие биенийхээ дээр дарж бяцлахаас сэргийлэхийн тулд тэдний завсраар нурууны дискүүд ивж байрладаг.
Бид хэт хүнд юм өргөх эсвэл огцом ийш тийш хөдлөхөд нуруу маань ачаалладаг. Шөрмөс сунах юм уу тасарснаар нуруунд юм “орох” магадлалтай. Гэхдээ ямар ч хөдөлгөөнгүй суувал бидний нуруу мөн л адил өвдөнө. Нурууны доод хэсэг их биеийн жинг дэмжих ёстой боловч бидний сууж байгаа байрлал түүнд энэ үүргээ биелүүлэхэд хүндрэл учруулдаг. Өөрөөр хэлбэл бид хөдлөхгүй байсан ч, нуруу маань идэвхтэйгээр ажиллаж л байдаг гэсэн үг. Буруу бөгөөд удаан сууснаараа бид нурууны диск хазайж мэдрэлийн ёзоор дарагдах, хөл, гарын мэдрэл алдагдах, нуруугаар байнга чилж өвдөх гээд олон өвчний “үүр” болно.
Нуруу байнга өвддөг болохоос сэргийлэх нь үнэндээ тун энгийн. Энэ бол ачааллыг багасгаж, амрааж, сээр нуруугаа хамгаалаад, булчингаа чангатгахад л болох зүйл. Ингэхийн тулд өдөр тутмын дэглэмдээ дараах зүйлсийг оруулаарай.
1. Өвдөгнийхөө доор дэр ивж унт. Хөлөө жаахан өргөх нь нурууны унтах үеийн ачааллыг хоёр дахин багасгадаг.
2. Хүчтэй бөгөөд уян хатан нуруутай болохын тулд нурууны болон хэвлийн булчингийн дасгалуудыг тогтмол хийж, нурууны булчингаа чангаруулах хэрэгтэй.
3. Гэхдээ дан чангалах дасгал хийж болохгүй. Сунгалтын дасгалыг булчингийн дасгалаас ч их хийж, чилж хөшсөн хэсгүүдээ амрааж байгаарай.
4. Хэрвээ байнга алхдаг бол өндөр өсгийтэй гутлаас зайлсхийх хэрэгтэй. Өсгийтэй гутал нурууны ачааллыг нэмэгдүүлдэг.
5. Цэх суу. Буруу сууснаар нурууны ачаалал улам нэмэгдэж, нурууны үеүд байх ёстой байрнаасаа өөрчлөгддөг. Яаж зөв суухыг доорх зургаас хараарай.