УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад өөрсдийн байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийв.
Бүртгэлгүй хөрөнгийг ил гаргах, далд эдийн засгийг хумих зэрэг агуулгаар нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дэмжих боломжтой. Шударгаар татвараа төлж, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг олон аж ахуйн нэгжийг урамшуулах нь зөв. Харин татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдийг энэ мэт хуулийн төслөөр байнга өршөөх нь зүйд нийцэхгүй гэж бүлгийн хуралдаанаар үзсэн хэмээн Н.Батцэрэг мэдээллийнхээ эхэнд хэллээ.
Тэрбээр, "Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжинэ. Мөн Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд өргөн барьсан хэд хэдэн хууль Үндсэн хууль зөрчсөн маргаан гарч байгаа. Тиймээс бүлгийн хуралдаанд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг урьж, шүүхийн байгууллагууд шинэчлэлийг хэрхэн хүлээж авч байгаа талаар сонсгол хийсэн” гэлээ.
Түүнчлэн, “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг дуусгаж, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Манай бүлгийн гишүүд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт хурдан шийдэгдэж, эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэдэгт санал нэгдэж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндөж, хууль зөрчих ёсгүй. УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Энэ санаачилгад манай бүлгийн гурван гишүүн нэгдсэн байгаа. Тиймээс маргааш буюу энэ сарын 26-нд бүлгийн ээлжит бус хуралдаан зарлаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг урьж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зөв гэж үзсэн" гэв.
Сэтгэгдэл (4)