Засгийн газар ээлжит хуралдаанаа өчигдөр хийсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаар шинээр Дулааны цахилгаан станц барих ажлыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцыг шинэчлэх, Эгийн голын усан цахилгаан станцын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэх, хаврын тариалалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонссон байна.
Сүүлийн үед Эрдэнэтийн хүн ам, үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээ жилд 8-10 хувиар өсч байгаа аж. 1987 оноос хойш Эрдэнэт-ийн ДЦС 150 мянган цаг ажиллахаас 220 мянган цаг ажиллаад байгаа аж. Тиймээс өдрөөс өдөрт өсч байгаа цахилгаан дулааны хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа ДЦС станцыг шинэчлэх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг 2015 онд эхлүүлэхийг Сангийн сайд, Эрчим хүчний сайдад үүрэг болгосон байна. Үүнд 55 сая ам.долларын санхүүжилт шаардагдах юм байна.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Эгийн голын усан цахилгаан станцын ажлын эхний хэсгийг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр болжээ. Эхний үе шатанд хийх дэд бүтцийн ажилд 70 гаруй км автозам, цахилгаан дамжуулах шугам, гүүрийн ажлууд багтаж байгаа юм байна. Гэхдээ сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд гэрээгээр байгуулах замаар хийхээр болжээ. Эгийн голын усан цахилгаан станцад нийтдээ 61 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай юм байна.
Түүнчлэн хуралдаанаар хаврын тариалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонссон байна. Энэ жил 338 мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөсөн нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм байна. Тариалан эрхлэгч иргэдийн зүгээс газар тариалан, малын бэлчээрийн заагийг ялгах, гаднаас орж ирж байгаа газар тариалангийн тоног төхөөрөмжийг засах сэлбэг хэрэгсэл авахад хүндрэл үүсч байгаа асуудлыг анхааралдаа авахыг хүссэн байна.
Т.Энхэлээ