Нийслэлийн өнгө үзэмжийг нэмж, залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлахыг уриалсан “Эзэнтэй мод” төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Уг төсөл нь 2014 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтоц болох уртай хэсэгт нь тохирсон амьтан болон байгалийн зураг зурж, эдгээр мод эзэнтэй гэдгийг олон нийтэд мэдрүүлж байгаа гэдгийг төсөл санаачлагч JCI Эко байгууллагын хамт олон хэлж байлаа.
Энэхүү төслийн энэ жилийн онцлог нь “Дэлхийд нэн ховордож буй амьтад” гэсэн сэдвийн дор явагдаж байгаа бөгөөд тэдгээр амьтдын талаар нийгэмд мэдээллэх, хайрлан хамгаалах зорилготой юм. Эхний ээлжинд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх бөгөөд үүнд Анкара, Бага тойруу, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Нэгдсэн үндэсний гудамжинд байрлах модны халцарсан хэсгийг будах юм. Эх дэлхийгээ хайрлаж, бусдад баяр баясал бэлэглэх энэхүү төсөл жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд бүх насны хүмүүс оролцох боломжтой юм байна.
Төслийн арга хэмжээ нь 06 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд зурсан зургаа сошиал сувгуудад цацаж 06 дугаар сарын 19-ны өдөр хаалтын ажиллагаа болохоор төлөвлөгдөж байгаа юм байна.
Оролцогч, зураач хүүхдүүд хотынхоо моддыг гоёж буйдаа ихээхэн сэтгэл хангалуун байна. Нэг модыг будахад багагүй хэмжээний будаг ордог бөгөөд зардлыг нь ихэвчлэн эцэг эхүүд нь гаргаж байгаа аж.
Мөн моддыг хортой будгаар будлаа гэх шүүмжлэлийг ч хүүхдүүд сонсоод амжсан байна. Тэд шүүмжлэгчдэд нийслэлийн зүгээс моддыг хамгаалахаар шохойгоор будсан байдаг гэдгийг анхаарахыг хүслээ. Тэрхүү цагаан шохойн нь моддыг гэмтэхээс хамгаалдаг байна. Тэгээд ч хүүхдүүд хоргүй байгалийн будаг ашиглаж байгаа бөгөөд зөвхөн шохойтой хэсэг дээр зурж байгаа аж.
Хүүхдийн баяраар хүүхдүүд байгаль орчиндоо бүтээлсээр хандаж байна.
Д.Ундрах
www.24tsag.mn
Сэтгэгдэл (4)