МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр 14.00 цагт ээлжит бусаар хуралдана. Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, Дубайд үзэглэсэн "Оюутолгой"-н далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөөний асуудлаар мэдээлэл хийх юм.
"Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг уг асуудлаар өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийж, "“Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг дуусгаж, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Манай бүлгийн гишүүд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт хурдан шийдэгдэж, эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэдэгт санал нэгдэж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндөж, хууль зөрчих ёсгүй. УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Энэ санаачилгад манай бүлгийн гурван гишүүн нэгдсэн байгаа. Тиймээс маргааш буюу энэ сарын 26-нд бүлгийн ээлжит бус хуралдаан зарлаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг урьж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зөв гэж үзсэн" гэж хэлж байсан билээ.
Т.Энхэлээ