Дахин төлөвлөлтөд орж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны оршин суугчид дахин төлөвлөлтөд орж, газраа чөлөөлсөн ч өнөөдрийг хүртэл орох оронгүй айлаар хоног төөрүүлж байгаа тухайгаа мэдээлж орон сууц барих ажлыг түргэсгэж өгөхийг холбогдох албаныханд уламжлав.
Тодруулбал Дамбадаржаагийн 15 дугаар хороонд “Цэлмэг Ази” компани дахин төлөвлөлт хийхээр болсон байна. Тиймээс оршин суугчид хашаа, байшингаа нүүлгэн, чөлөөлж өгөөд орон сууц баригдах үед нь байртай болно гэж гэрээлжээ. Гэвч 2014 онд ашиглалтад орох ёстой байсан байр нь өнөөдрийг хүртэл орон баригдаагүй, ажил удаашралтай байгаад иргэд бухимдалтай байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан.
Түүнчлэн 15 дугаар хорооны 23 дугаар гудамжны 20 орчим айл хашаа, байшингаа буулгаж өдийг хүртэл хамаатан садан, найз нөхдийнхөөрөө, нөгөө хэсэг нь түрээсийн байранд хоног төөрүүлж байгаа гэдгээ ч өгүүлсэн.
Харин иргэд энэ асуудлаар “Цэлмэг Ази” компанитай холбогдох гэсэн ч сураг тасарсан байж байгаад саяхан холбогджээ. Тус компанийн удирдлагууд “Хөрөнгө мөнгө байхгүй учраас ажил удааширсан” гэх тайлбарыг өгсөн байна. Харин энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбаттай холбогдоход “Удахгүй орон сууцыг нь барьж дуусгана” гэхээс өөр хариулт хэлээгүй болохыг иргэд хэлж байлаа.
Сэтгэгдэл (1)