Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго цаг үеийн болон тулгамдсан асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд цахилгаан тасарсанаас үүдэж гарсан хохирлын талаар танилцуулав.
Энэ сарын 24-ны ням гаригт баруун гурван аймгаас бусад аймаг болон Улаанбаатар хотод гэрэл цахилгаан тасалдсан. Үүнээс үүдэж улс оронд багагүй хэмжээний хохирол учирсан байна.
ТӨХ-ноос хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 2.2 тэрбум төгрөг болсоныг мэдээлэв. Хамгийн их хохирол амссан газар бол Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр аж. Тус үйлдвэр тоггүйгээс болж 1.1 тэрбум төгрөгийн хохирол амсчээ.
Харин тог тасалдсан хэрэгт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний захирал асан Ж.Равдандоржийг буруутай, түүний хийсэн санаатай үйлдэл хэмээн мэдээлж байсан ч ТӨХ-ноос “Энэ хэрэгт Ж.Равдандорж холбоогүй” гэсэн тайлбар өглөө.
Түүнчлэн цахилгаан тасалдах болсон шалтгаан болоод учирсан хохирлыг нарийвчлан тогтоох ажлын хэсгийг Эрчим хүчний яамнаас гаргаад байгаа юм байна.