Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Тэгвэл энэ жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эл өдрийг "Тамхины хууль бус худалдаалалттай тэмцье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд хууль бус тамхины худалдаа эрхэлж буй байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтыг хийсэн юм. Шалгалтыг нийслэлийн зургаан дүүрэгт зохион байгуулсан бөгөөд томилогдсон улсын байцаагч, цагдаагийн албан хаагчид явууллаа.
Манай сурвалжлах баг Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд ажилласан. Эхлээд бид Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн орчимд хяналт шалгалт явуулсан шалгалтын багтай хамт сурвалжлага бэлтгэв.
Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын автобусны буудлын ойролцоо явган замыг таглан байршсан ТҮЦ-т шалгалт хийхэд тамхины хяналтын тухай хууль зөрчин тамхи худалдаалж байлаа. Тус ТҮЦ-ийн худалдагч нэлээд олон нэр төрөл бүхий тамхийг цаасан хайрцганд хийж, лангуун дор байрлуулж худалдаалж байсан нь гэнэтийн шалгалтаар илэрсэн юм.
Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо ерөнхий боловсролын 24-р сургууль байрладаг учир хуулийнхаа хүрээнд энэ орчимд тамхи бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалахыг хориглодог байна.
Тамхины тухай хуулийг зөрчсөн тухайн иргэнд ямар хариуцлага тооцох талаар НМХГ-ын ахлах байцаагч Б.Бадамсүрэнгээс тодруулахад “Хууль зөрчин тамхи худалдаалсан иргэнийг 50 мянга хүртэлх төгрөгөөр торгож, хууль бусаар худалдаалж байсан тамхийг хураан авах хуулийн заалт байдаг” хэмээв.
Харин тамхи борлуулж байсан худалдагч “Бид амьдрахын тулд л тамхи зарж байна. Ер нь манайх шиг ТҮЦ-д тамхи байхгүй гэвэл иргэд уурлаж, дарамталдаг. Би нэг удаа тамхи байхгүй гэж хэлснийхээ төлөө цонхоо хагалуулж байсан удаатай” хэмээн учирлав.
Гэсэн хуулийг хэрэгжүүлэх ёстой учраас түүний тамхийг хураан торгуулийн арга хэмжээ авсан.
Харин тэднийг тамхиа хаанаас бөөндөж авдаг талаар тодруулахад “Бид Бөмбөгөр дотор байрладаг лангуунаас л худалдаж авдаг. Ер нь бол тамхийг хаа сайгүй л зарж байгаа ш дээ. Тамхины хууль бидэнд дарамт л болж байна даа” гэсэн хариулт өгөв. Тиймээс иргэдийн мэдээллийн дагуу тамхи бөөндөж зардаг гэх лангуун дээр очвол тухайн лангуу хаалттай байсан учир шалгалтыг цааш үргэлжлүүллээ.
Тамхины хяналтын тухай хууль зөрчин зөвшөөрөгдөөгүй газар тамхи татсан, борлуулсан иргэдийг цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь барьвал иргэнийг 50 хүртэлх мянган төгрөгөөр, аж ахуй нэгж байгууллагуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нугалсан мөнгөн дүнгээр торгох эрхтэй аж. Гэсэн ч иргэд нэг удаа торгуулчихаад дахин хууль зөрчих үйлдэл их гаргадаг талаар цагдаагийн байгууллагын албан хаагч нар ярьж байлаа. Түүнчлэн удаа дараа тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэдийг шүүхэд өгч, хэргийг шүүхээр шийдвэрлэдэг гэдгийг ч дурдаж байсан.
Сүхбаатар дүүргийн хяналт шалгалтыг 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 ТҮЦ, дөрвөн супермаркет, долоон хүнсний дэлгүүрт шалгалт явуулсан.
Уг шалгалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Н.Одончимэг, дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ж.Дашдэлэг, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын ахлах байцаагч, ахмад Г.Ганбаяр, дэслэгч Х.Наранбаатар нарын хүмүүс явуулсан.
Шалгалтад хамрагдсан бүх ТҮЦ, нэг супермаркет, хоёр хүнсний дэлгүүр тамхи зарж байсан нь илэрсэн. Дээрх үйлчилгээний газрууд тамхиа үүргэвч, печь, хөлдөөгчинд нуусан байлаа. Гэсэн ч шалгалтаар энэ байдал нь илэрсэн.
Харин хууль бусаар тамхи зарж байсан иргэд мөн л амьдрахын тулд хууль зөрчиж байна гэцгээж байсан. Түүнчлэн тамхи ширхэгээр зарж байсан ТҮЦ-ний худалдагч “Бидэн шиг 50 гаран насны хүмүүс ажил олдохгүй байна. Тэгээд л аргаа барахдаа сарын 500 мянган төгрөгийн түрээстэй ТҮЦ түрээслэж байхав дээ. Энд чинь ганц зарагддаг зүйл нь тамхи л байдаг” хэмээн учирлаж байв. Тамхи зарж байсан дээрх газруудаас 150 орчим хайрцаг тамхи хурааж торгуулийн арга хэмжээ авсан.
Үнэндээ амьдрахын тулд арга барахдаа л хэмээн хоолой зангируулан олсон хэдэн төгрөгөө торгуулийн мөнгөнд өгөхөөр тоолж зогсох тэдний энэ байдлыг хараад басхүү өрөвдөх сэтгэл төрж байсныг нуух юун. Манай улсад хуулийг үнэндээ тэр бүр хэрэгжүүлээд дагаж мөрдөөд байдаггүй нь нууц биш. Тиймээс ч энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа гэдгийг ч хэлэх хүн байсныг энд онцлох нь зүйтэй болов уу.
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч Ч.Түмэнхүү, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Захиргааны зөрчил хариуцсан ахлах байцаагч, ахмад Б.Алтантулга нар хамтран зохион байгууллаа. Тэд 16 дэлгүүр, хүнсний мухлаг таван иргэний үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдаалсан таван иргэний 200 орчим ширхэг тамхийг хураан авч улсын байцаагчийн актанд бүртгэсэн юм.
Тамхины хууль бус худалдаа тус дүүрэгт ч мөн далд хэлбэрт явагдсаар байгаа нь шалгалтаар илэрсэн. Тухайлбал шалгалтаар эсгий гуталд болон тусгай хайрцганд нууж зарж борлуулсан зөрчлийг илрүүлсэн нь энэ бизнес далд хэлбэртэй явдгийг нотлов.
Үнэндээ дээрх худалдаачдад үүнээс өөр сонголт байдаггүй гэдгийг ч өгүүлж байсан. Энэ мэтээр нууж зарахгүй бол нойр хоолоо хасаж байж олсон хэдэн төгрөгөө торгуулийн мөнгөнд өгчихөөд гэртээ хүлээх хэдэн халтар жаалууддаа хоолны махгүй очих болдог хэмээн ярьцгаасан. Ер нь тамхины борлуулалт маш сайн байдаг, эрхэлж байгаа бизнесийнх нь гол орлого учир худалдаачид ийнхүү зарж борлуулдаг аж.
Ямартай ч хэрэглэгч, үйлчлүүлэгч байгаа энэ үед тамхины тухай хууль иргэд нь хууль бусаар зарж, төр нь торгодог тогтолцоотой л цааш үргэлжлэх бололтой.
24 tsag.mn Б.Батчимэг
Сэтгэгдэл (7)