Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламж аваарын байдалтай ажиллаж байна.
УСУГ-ын албан хаагчид өчигдөр сэтгүүлчдийг цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцуулсан юм. Нөхцөл байдалтай газар дээр нь очиж үзэхэд Туул голын амь нас дээсэн дөрөөн дээр ирснийг албаныхан мэдэгдлээ.
Төв цэвэрлэх байгууламжид засвар хийхгүй удсанаас тунгаагуурын хананд цооролт үүссэн байна. Мөн цооролтын хэмжээ өдрөөс өдөрт томорч байгаа тул бохир усыг цэвэрлэх чадамж нь улам багасч байгаа аж. Энэ байдлаар явбал ирэх жил гэхэд цэвэрлэх байгууламж эвдэрч, Туул голд шууд цутгах хэмжээнд хүртлээ асуудал дордсон байна.
Цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг анх 1979, 1985 онд ашиглалтад оруулж байсан аж. Энэ хэсгээр өдөр бүр нийслэлийн иргэдийн хэрэглэсэн бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг юм байна. Гэвч байгуулагдсан цагаас хойш дорвитой шинэчлэл хийгээгүйгээс дээрх асуудал гарсан аж.
Албаныхан УСУГ-т цэвэрлэх байгууламжийн засварыг Засгийн газар, нийслэлийнхний гарыг харалгүйгээр яаралтай эхлүүлэх шаардлага тулгарсан талаар ярьж байлаа.
Энэхүү засвар нь олон хүний бухимдлыг төрүүлэхийг ч мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь засвар хийхэд 3 хоногийн хугацаа шаардах аж. Хамгийн хэцүү нь энэ хугацаанд Улаанбаатарчуудын хэрэглээний усыг хязгаарлахаас өөр аргагүй юм байна.
Хэрвээ нийслэлчүүд үүнийг эсэргүүцвэл Туул голд бохир усаа шууд цутгахаас өөр сонголт үлдээгүй гэлээ.
Хэрвээ нийслэлчүүд 3 хоног усгүй байхыг эсэргүүцвэл Туул голд бохир усаа шууд цутгахаас өөр сонголт үлдээгүй
Засварын хугацаанд багаар тооцоход 420 мянган шоо метр бохир ус хуримтлагдах аж. Үүнийг шууд байгальд асгавал эрүүүл ахуйд аюултай тул Туул гол, байгальд асгахгүйгээр асуудлыг шийдвэрлэх арга зам хайж байна. Үүний хамгийн боломжит арга зам нь усны хэрэглээг 72 цаг хязгаарлах.
Гэхдээ аэротенкийн хэсэгт засвар хийсэн ч цэвэрлэх байгууламжийн асуудал толгойны өвчин хэвээр үлдэнэ гэдгийг анхааруулж байна. Учир нь Төв цэвэрлэх байгууламжийн ажиллагаа ирэх жил гэхэд зогсч мэдэхээр байгаа аж.
УСУГ-ынхан ойрын хугацаанд эхлэх ёстой засварын ажлаа хэзээ товлож, ямар гурван өдөр нийслэлчүүдийн усны хэрэглээг хязгаарлах тухайгаа удахгүй мэдээлэх юм.
УСУГ-ын Цэвэрлэх байгууламжийн инженер Э.Идэрболд "Цэвэрлэх байгууламж одоогоос 10-аад жилийн өмнө бохироо 80-90 хувь цэвэрлэдэг байсан. Харин одоо 70 хувь цэвэрлэж чадаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй байна. Төв байгууламжийг энэ удаад тодорхой хугацаагаар түр зогсоож, бүрэн засвар хийхээс өөр аргагүй. Гэхдээ засвар хийснээр гал унтрааж байгаа төдий л хэрэг. Өөрөөр хэлбэл засвар хийсэн ч хүчин чадлаа дийлэхгүй хэвээр үлдэнэ" хэмээн ярилаа.
Цэвэрлэх байгууламж ачаалалд даруулж эвдрэхээс өөр аргагүй хүрсэн тухай хэдэн баримтыг хүргэе.
- Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд барихдаа хоногт 45 мянган шоо метр бохир ус хүлээн авч, 50 хувь цэвэрүүлэх хүчин чадалтай байгуулжээ.
- 1979, 1986 онд өргөтгөл хийж хоногт 20 мянган шоо метр бохир ус хүлээн авч 90-92 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай болгосон.
- Өнөөдөр цэвэрлэх байгууламж 175 мянган шоо метр бохир ус хүлээн авч байна.
- Бохирыг цэвэршүүлж буй хувийг 70 хүрэхгүй хэмээн тодорхойлж байгаа юм.
- 1979, 1986 онд өргөтгөл хийснээс хойш өөр засвар, шинэчлэл хийгээгүй.
- Элэгдэл, эвдрэл аюулын хэмжээнд хүрсэн.
Г.Үжин
Сэтгэгдэл (9)