Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь сүүлийн үед нэмэгдсээр байна. 2015 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд 12 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 63 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. 2014 оны 04 сард улсын хэмжээнд 8 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 51 хүүхэд гэмтэж байсан.
2014 онд 48 хүүхэд зам тээврийн ослоос шалтгаалж амь насаа алдсаны 27 хүүхэд нь хөдөө орон нутгийн замд зорчиж яваад амь насаа алдсан байна. Зуны амралт болж аялал зугаалга нэмэгдэж хөдөө орон нутагт зорчих зорчигчдын тоо нэмэгддэг тул анхаарал болгоомжтой зорчих хэрэгтэй юм.
Зам тээврийн ослын шалтгаан нь хүүхэд тээвэрлэсэн үедээ хурдтай зорчих, зориулалтын суудалгүй зорчих, эцэг эхчүүдийн буруу үлгэр дууриалал, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын анхаарал болгоомжгүй үйлдэл, эцэг эхчүүдийн хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ хэвшсэн буруу зуршилуудаас шалтгаалж байна.
Тиймээс Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Нийслэлийн Замын Цагдаагийн Газар хамтран Хүүхдийг зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд “Хүүхэд зорчиж байна” аяныг эхлүүлж олон ажлуудыг хийгээд байна. Үүний нэг нь эцэг эхчүүд жолооч нарт сануулга болгох, хүүхдээ тээвэрлэж буй эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулахад түлхэц болох үүднээс “Хүүхэд зорчиж байна” наалтыг хүүхэд тээвэрлэж буй машин бүрт наах ажлыг эхлүүлээд байна. Эцэг эхчүүд, аав ээж нарын хамгийн хайртай хүн бол мэдээж үр хүүхэд нь билээ. Иймд эцэг эхчүүд, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар анхааралдаа авч чадвал хүүхдийн зам тээврийн осол аваар буурах болно.
“Хүүхэд зорчиж байна” наалтыг олон улсын стандартын дагуу боловсруулсан бөгөөд Боса ХХК-ны сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байна.
Мөн Миний ирээдүйн төлөө та хурдаа хасаарай; Бага насны хүүхдийг тусгай суудал хэрэглэж тээвэрлэх ёстой; Хурдаа хасаж ирээдүйгээ гэрэлтүүлцгээе ; Би хотоор явахдаа машинаас айдаг ;Таны буруу үйлдэл бүрийг хүүхэд тань давтах болно гэсэн 5 төрлийн шторкыг олон нийтэд телевизүүдэр дамжуулан хүргэхээр бэлдлээ.
Энэхүү аяны хүрээнд 2015 оны 01-р сарын 25-аас 02-р сарын 20 хүртэл автомашины 3 төрлийн наалтыг автомашин дээр байршуулж, сошиал медиа ертөнцөөр сурталчилгаа хийсний үр дүнд хүүхдийн зам тээврийн осол өмнөх оны мөн үеийнхээс 16.4%-аар буурсан үзүүлэлт гарсан байна. Иймээс эцэг эхчүүд та бүхэн машиндаа “Хүүхэд зорчиж байна” наалтыг авч хэрэглэж өөртөө болон бусад машин нарт сануулга мессежийг хүргэнэ үү.
Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг ямагт санаж яваарай. Хайртай хүнээ тээвэрлэж яваа, мөн таны өмнө хэн нэгний хайртай хүн яваа гэдгийг бүү мартаарай.
24tsag.mn