Өнгөрсөн сард болсон Эдийн засгийн форумын “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт салбар хуралдааны үеэр Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 хувь болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах шийдвэрт хүрснийг мэдэгдэж байсан.
Уг мэдэгдлээс хойш 10 хувийн зээл хэрэгжиж эхлэхийг хүлээсэн иргэдийн тоо олширч, орон сууцны зээл хөөцөлдөх асуудал саармагжсан юм.
Тэгвэл урьдчилгаа нь 10 хувийн зээлийн төслийн ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон байна. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар "10 хувийн урьдчилгаат зээлийг аль болох богино хугацаанд олгож эхлэхээр зорьж ажиллаж байна. Гэхдээ их хурлаар орж хэлэлцэгдэж батлагдахаас эхлээд тодорхой хугацаа шаардана гэдгийг ойлгох хэрэгтэй. Эцсийн шийдвэрт хүрэхийн тулд олон шат дамжлагаар явдаг учраас хугацаа шаардаж байна.
Засгийн газрын хуралдаанаар нийгмийн даатгалын хуулийг өөрчлөх тухай саналаа оруулж, эхний ээлжинд батлуулсан байна. Ирэх долоо хоногтоо Нийгмийн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраас Их хуралд өргөн барина. Үүний хажуугаар суурь судалгаа, нарийвчилсан тооцоонууд ч давхар явагдаж байна. Гэхдээ урд нь байгаагүй, шинэ тогтолцоогоор явж байгаа учраас ажиллагаа маш их шаардаж байна" хэмээн ярьжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)