Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурал боллоо.
Хурлаар баяр наадмын үеэр зохион байгуулах соёл урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийг батлав.
“Best of Classics” урлагийн цэнгүүн, хүүхдийн гала концерт, Төрийн хүндэтгэлийн концерт, баяр наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолт, морин хуур олон улсын наадам, “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн, DJ урлагийн шоу, Төрийн далбаа залах ёслол, “Адуучин” наадам, “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн зэрэг 17 арга хэмжээг баяр наадмын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн дэлхийн Монголд авчрах үгүйг шийдээгүй байгаа гэнэ.
Төрийн хүндэтгэлийн концерт долдугаар сарын 10-нд 15 цагаас болох бөгөөд анх удаа гадаа талбайд буюу Чингис хааны талбайд зохион байгуулагдах гэж байна. Энэ өдрийн 19 цагаас “Дээлтэй монгол наадам” эхэлж, 22 цагаас “Учиртай гурван толгой” дуурийг төв талбайд тоглуулах юм.
Энэ хурлын үеэр салбар хороодын дарга нар бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Наадмын нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор бэлэн болгох, наадам хүртэл Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд уралдаан тэмцээн, сунгаа зэрэг арга хэмжээ зохион байгуулахгүй байх, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллах, автомашины нэмэлт зогсоолын асуудлыг судалж шийдвэрлэхийг даалгалаа. Хурдан морины уралдаанд морьдыг эмээлтэй, унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвчтой уралдуулахыг одооноос сайтар сурталчлах, унаач хүүхдүүд болон урлаг, соёлын үзүүлбэрийн бэлтгэл, тоглолтын үеэр оролцогчдын аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо.
Энэ жилийн наадмын үйл ажиллагаа тав хоног үргэлжлэх тул зардал өмнөх оныхоос өсч, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.9 тэрбум, нийслэлийн нөөц хөрөнгөөс 500 сая, наадмын үйл ажиллагааны орлогоос 370-аад сая төгрөг зарцуулахаар тооцжээ. Ингээд нийт 2 тэрбум 747 сая төгрөг зарцуулах юм байна.
-Үндэсний бөхийн барилдаанд 85 сая 726 мянган төгрөг
-Хурдан морины уралдаанд 227 сая 360 сая төгрөг
-Сур харваанд 83 сая 777 мянган төгрөг
-Шагайн харваанд 28 сая 190 мянган төгрөг
-Урлаг соёлын арга хэмжээнд 812 сая төгрөг
-Аварга адуучин шалгаруулахад 104 сая 455 мянган төгрөг
-Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд 93 сая 60 мянган төгрөг
-Хэв журам хамгаалахад 267 сая 42 мянган төгрөг
-Тохижилт засвар, худалдаа үйлчилгээнд 769 сая 514 мянган төгрөг
-Урилга хөтөлбөр, бусад зүйлс хэвлүүлэхэд 32 сая төгрөг
-Бусад арга хэмжээнд 224 сая 796 мянган төгрөг
-Хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд 18 сая 600 мянган төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (13)