Монгол Улсын Хөдөлмөрийн сайд С.Чинзориг БНСУ-д ажлын айлчлал хийж байна.
Айлчлалынхаа хүрээнд сайд С.Чинзориг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ли Ки Квантай уулзалт хийв.
Уулзалтаар хоёр улсын хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцохын зэрэгцээ Монголын Засгийн газраас хөдөлмөрийн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын Хөдөлмөрийн яам хооронд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргах асуудлыг зохицуулах Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулсан.
17 зүйл, 83 заалттай энэхүү Санамж бичгийг шинэчилснээр хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажлын байрандаа тогтвортой ажилласан иргэний ур чадварыг үнэлэн баталгаажуулж ур чадвар, туршлагаа ашиглан эх орондоо хөдөлмөр эрхлэх, жижиг дунд үйлдвэр байгуулах боломжийг бүрдүүлж байгааг талууд онцоллоо.
Мөн энэ үеэр Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулснаар ажилтан илгээх болон хүлээн авах хүрээнд дагаж мөрдөх заалтуудыг тодорхой болгож, Солонгост монгол ажилтныг илгээх үйл явцын ил тод байдлыг хангаж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг дурдахад таатай байна” хэмээжээ. Мөн сайд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ли Ки Квантай хийсэн уулзалтынхаа үеэр Монголоос хөдөлмөрийн гэрээгээр илгээх ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх санал тавьжээ.
Энэ оны зургадугаар сарын 20-ны байдлаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр нийт 8193 хүн ажиллаж байгаа бөгөөд 2015 оны эхнээс 713 хүн явсан байна.
Сэтгэгдэл (4)