2016 онд АСЕМ-ийн Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт Монгол улсад болно. Үүнтэй холбогдуулан Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиcсэнээр ахлуулсан төлөөлөгчид 2015 оны 6-р сарын 29-нөөс 7-р сарын 2-ны хооронд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
АСЕМ-ын бэлтгэл ажлын явцтай танилцах, зөвлөгөө өгөх, уулзалтыг амжилттай зохион байгуулахад Европын Холбооны зүгээс Монгол Улсад үзүүлэх тусламжийн асуудлуудыг тодорхойлох зэрэг олон асуудлыг хэлэлцэх зорилготой юм.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн сарын 29-ны өдөр төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Л.Пүрэвсүрэн сайд АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулахад Европын Холбоо бүхий л боломжтой хэлбэрээр дэмжин туслахад бэлэн байгаад талархал илэрхийлж 10-р сард Люксембургэд болох АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоо мэдэгдлээ.
Айлчлалын явцад төлөөлөгчид АСЕМ-ийн бэлтгэл ажлын талаар Гадаад хэргийн яамны холбогдох газрууд, АСЕМ-ийг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн ажлын хэсгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүстэй ажлын уулзалт хийж АСЕМ-ын хотхон, Шангри-Ла зочид буудалтай танилцав.
АСЕМ-ийн уулзалт болон ирэх жил Улаанбаатарт тэмдэглэн өнгөрүүлэх АСЕМ-ийн 20 жилийн ойн баярын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахад Европын Холбоо өөрийн туршлагаасаа хуваалцан Монголын талтай нягт хамтран ажиллахаа төлөөлөгчдийн тэргүүн ноён Мэтиссон илэрхийллээ.